ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сурагчдаас хууль бус төлбөр, хураамж авахыг хориглож, санхүүгийн дарамт үүсгэхгүй байх зөвлөмж гаргалаа

O.Admin
2023-04-14

Энэ хичээлийн жилийн сүүлийн улирал, хариуцлагатай сарууд үргэлжилж байгаатай холбоотойгоор дараах зөвлөмжийг хүргэж байна.

СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ...

  • Сургалтын болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй нэмэлт ажил зохион байгуулахаас татгалзаарай.
  • Багш нарыг батлагдсан сургалтын төлөвлөгөөний цаг, хичээл, сургалтаас бусад үйл ажиллагаанд хамруулж, нэмэлт ачаалал бүү үүсгээрэй.
  • Хичээлийн судалгаа, ээлжит хичээлийн хэлэлцүүлэг хийж, багш нар аа сонсдог сайн жишиг тогтоогоорой.
  • Хууль бус төлбөр, хураамжийг хориглож, эцэг эх, асран хамгаалагчид санхүүгийн дарамт, ачаалал үүсгэхгүй байхад анхаараарай.
  • Эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог спорт, урлагийн наадмаар хязгаарладаг, үүний оролцоогоор хүүхдийг үнэлдэг уламжлалт арга хандлагыг өөрчлөөрэй.
  • Хүүхдийн сурч хөгжих эрүүл, аюулгүй таатай орчин бүрдүүлээрэй.

БАГШ, АЖИЛТАНД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ...

  • Хүүхдийг бусадтай харьцуулахгүй байж, тэдний хөгжлийн ахиц дэвшлийг үнэлж, урамшуулаарай.
  • Аливаа уралдаан, тэмцээнийг зохион байгуулахдаа хүүхдийг эрэмбэлж, байр эзлүүлэн медаль, өргөмжлөл өгөх зэргээр ялгаатай байдал үүсгэдэг уламжлалт арга хандлагаас татгалзаарай.
  • Гэрийн даалгавар, бие даалтыг агуулга нөхөх, хоцрогдол арилгах арга хэлбэр гэж үзэж хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид ачаалал бүү үүсгээрэй.
  • Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог, чадвар, ялгаатай байдалд тохирсон даалгавар өгөөрэй.
  • Сурлагын ялгаатай байдал, амьдралын боломж нөхцөлөөс нь шалтгаалан хүүхдийг алагчлах, ялгаатай байдал үүсэхээс сэргийлээрэй.
  • Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүүхдийн эрүүл мэнд, сурлага, хүмүүжил, хичээл сургалтын үеийн цаг ашиглалтын талаарх мэдээллийг тогтмол хүргэж, зөвлөн тусалж, хамтран ажиллаарай.

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ...

  • Хүүхдийнхээ сургууль болон багштай холбогдож хүүхдийнхээ талаар асууж тодруулаарай /хэзээ ямар шалгалт яаж өгөх гэх мэт/
  • Хүүхэдтэйгээ цаг гаргаж ярилцаарай./шалгалтдаа хэр санаа зовж байгааг асууж айдсыг нь багасгаж ярилцах/
  • Сурах таатай орчныг нь бүрдүүлээрэй. /хичээлээ хий гэж үглэж, шахахаас илүүтэй үр дүнтэй хичээллэхэд нь туслах/
  • Чадсан, сайн хийсэн зүйлийг нь анзаарч хараад урамшуулаарай
  • Хүүхэд хичээл хийж байх үед дэргэд нь зурагт үзэж, гар утсаа оролдолгүй өөрийн зөв үйлдлээр дэмжээрэй.

ХҮҮХДЭД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ...

  • Төлөвлөгөөтэй хичээллэж цагаа үр дүнтэй ашиглаарай. /Ямар хичээлийг хэзээ, хэрхэн, хаана давтах вэ? гэдгээ төлөвлөн гаргаж өдөр бүрд, тэнцүү ачаалалтайгаар хуваарилаарай.Ингэснээр хэт их ачаалал авалгүйгээр, үр дүнтэйгээр хичээллэж болох юм./
  • Хичээл давтахад тохиромжтой орчныг сонгоорой. /Орондоо, буйдан, зөөлөн сандал зэрэгт сунаж хэвтээд хичээл давтах нь анхаарал төвлөрүүлэхэд саад болдог./
  • Суралцах тохиромжтой аргыг сонгоорой. /Сэдвээ цээжлэхээс илүүтэй уялдаа холбоог нь олох, үр дүнг нь тооцох, гол санааг нь ойлгоход анхаараарай./
  • Сайн унтаж амраарай /Энэ нь таны тархийг цэнэглэж, сурсан зүйлээ санахад тань тусална. Ингэхдээ өдөр бүр тогтсон нэг цагт унтах, босохыг хичээгээрэй./
  • Бусдаас тусламж хүсээрэй /Хэрвээ чамд тусламж хэрэгтэй бол эцэг эх, асран хамгаалагч, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтандаа хандаарай/