Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр олны анхаарлыг татаж буй гэмт хэргийн явц, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр, “Манай байгууллага нь дагнасан чиг үүрэг бүхий мөрдөх байгууллагуудын хэрэг шийдвэрлэлтэд хяналт тавьж, ажиллаж байна. 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар 482 гэмт хэрэгт хяналт тавьж ажиллалаа. Хэрэг бүртгэлийн 954 хэрэгт мөн хяналт тавьсан. Өөрөөр хэлбэл, нотлох баримт цуглуулах шатанд гэсэн үг. Мөрдөн байцаалтын шатанд 356 хэрэгт хяналт тавьснаас 115-д нь яллах дүгнэлт үйлдсэн” хэмээлээ.
2023 оны нэгдүгээр улирлын байдлаарх яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргүүдээс дурдвал,
-ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б, Ч нарт холбогдох нэр бүхий 16 аж ахуйн нэгж байгууллагаас авлига авсан, бусдад давуу байдал олгосон хэрэг
-АТҮТ-ийн мэргэжилтэн М, Т нарт холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэг
-Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Т, Б нарын албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэг
-Ханбогд суман дахь Гаалийн боомтын улсын байцаагч нарыг бусдаас хахууль авсан хэрэг
-ДЦС-4 ТӨХК-ийн “Эрчим” зоогийн газрын дарга Г-ийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэг
-“Эрдэнэт” үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн дарга М-ийн албан тушаалын байдлаа урвуулж ашигласан хэрэг
-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул асан М-ийн албан тушаалаа урвуулж ашигласан, хахууль өгөхийг оролдсон, худал мэдээлэл тараасан хэрэг
-АТҮТ-ийн Цогтцэций суман дахь салбарын дарга асан Д-д холбогдох албан тушаалын байдлаа урвуулж ашигласан хэрэг
-“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ-ын Орлогч асан Б-д холбогдох албан тушаалын байдлаа урвуулсан хэрэг
-ЗТЯ-ны Авто замын ашиглалтын хэлтсийн дарга О-д холбогдох бусдаас хахууль авсан гэх хэргүүдэд тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Үүнээс гадна нүүрс олборлох, худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой хэрэгт УЕП-ын ажлын хэсэг хамтран ажиллаж буй бөгөөд уг хэрэгт холбогдуулан нэр бүхий хүмүүст ямар арга хэмжээ авсан талаар мэдээлэл өгөв.
Тодруулбал, тус хэргийн дагуу 37 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд үүнээс хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын шатанд 23 хэрэг байгаа аж. Нийт 57 хүнд холбогдох долоон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн гэлээ. 127 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсанаас 68 нь нийтийн албан тушаалтан бөгөөд 13 нь улс төрд нөлөө бүхий этгээд хэмээн тодотгов. Улмаар, таван хүнийг цагдан хорьж, 100 гаруй хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Г.Гэрэлтуяа дарга үргэлжлүүлэн мэдэгдэхдээ “Ажлын хэсэг нийт 10057 хүнийг гэрчээр асуусан. 1151 ширхэг баримт хураан авсан бол Эрүүгийн цагдаагийн газар 113000 ширхэг баримтыг хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 13.8 тэрбум төгрөгийн хахуулийн хэргийг илрүүлсэн. Үүнтэй холбогдуулан нэр бүхий хүмүүсийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг царцаасан. 97 үл хөдлөх хөрөнгө дотроо орон сууц 84, оффис 5, зогсоол 5, агуулах 3 байрыг лацадлаа. 48 тээврийн хэрэгсэл, хоёр хуулийн этгээдийн хувьцааг царцааж, 35 иргэн, 43 хуулийн этгээдийн арилжааны банк дахь дансыг хязгаарласан.
Дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий бондоос гадна 630 сая төгрөг, 230 мянган ам.доллар бэлнээр хураан авлаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эх үүсвэрийг шалгаад явж байна. Улс төрд нөлөө бүхий этгээдэд холбогдох хэргийн тухайд долоон хүнийг хэрэгт яллагдагчаар татсан, шүүхэд шилжүүлээгүй байгаа. Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Прокуророос УИХ-д хүргүүлж, хоёрыг нь түдгэлзүүлсэн. Өнөөдрийн байдлаар АТГ-аас дахин хэн нэг улстөрчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт ирүүлээгүй байна” гэлээ.