Засгийн газраас зарласан “5Ш” ажиллагааны нэг болох “Шувуу” ажиллагааны хүрээнд хэрэгт шалгагдаж байхдаа гадаад руу оргон зайлсан этгээдүүдийг гадны хууль хяналтын байгууллагатай хамтран баривчилж, эх оронд нь ял эдлүүлэх, хэргийг нь шүүхээр авчрах ажлыг зохион байгуулж буй билээ. Мөн Засгийн газраас гадаадад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж буй этгээдийн талаар баттай мэдээлэл өгвөл 10 ам.долларын шагнал өгөхөө мөн амлаад буй.
Тэгвэл “Шувуу” ажиллагааны хүрээнд хамгийн эхэнд авлига албан тушаалын гэмт хэрэг, мөнгө угаах хэргээр шалгагдаж буй Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг Филиппин улсаас баривчлан авчирсан бол дараа нь БНСУ-аас хоёр иргэн өөрсдөө хуулийнхантай холбогдож, өөрсдийн хүслээр хэргээ шалгуулахаар ирээд буй.
Тэгвэл “Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал асан, Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалыг “Шувуу” ажиллагааны хүрээнд баривчлахаар болж, Аргентин улсад байгаа гэх мэдээллийн дагуу тус улсын хуулийнхантай холбогдоод байсан ч энэ мэдээллийг авсан Н.Удаанжаргал Тайланд улс руу оргон зайлсан гэх мэдээлэл гарч эхэллээ.
Тэрбээр, тус улсад амьдарч байх хугацаандаа өөрийн найзынхаа ээжийн дансаар Монголоос мөнгө авч байсан гэх бөгөөд түүний найзын ээжийн данс руу Монголын нөлөө бүхий улстөрч, эрх мэдэлтэй хүмүүс мөнгө шилжүүлж байсан гэх асуудал ч яригдаж байгаа аж.
Түүнийг Тайландаас шилжүүлэн авах асуудлаар Монголын хуулийнхан Тайландын талтай яриа хэлцэл хийж байгаа гэх мэдээлэл байна. Н.Удаанжаргалын тухайд нүүрсний гэх хэргийн нээлттэй сонсголд цахимаар оролцох саналыг тус сонсголыг ахалж буй УИХ-ын гишүүн Г.Ганболдод тавьсан гэх мэдээлэл ч мөн “Зууны мэдээ” сонинд гарчээ.