ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өмгөөлөгч С.Оюунцэцэг: Хавтаст хэрэгт Т.Чимгээг буруутгах нотлох баримт байдаггүй

O.Admin
2023-04-26

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс 20-25 жилийн ял сонсож, таван жил гаруй хоригдож, суллагдаж явсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт үүсгэсэн эрүүгийн хэргийг өнгөрөгч долоо хоногт НПГ-аас хүчингүй болгосон гэдгээ зарласан билээ.

Улмаар тэднийг нотлох баримт хангалтгүй байхад цагдан хорьсон, хууль бусаар эрүүдэн шүүсэн этгээдүүд зохих ялаа үүрсэн юм. Тэгвэл 2015 оноос эхлэн Т.Чимгээгийн өмгөөлөгчөөр ажилласан С.Оюунцэцэг гуай “Өдрийн сонин”-д энэ асуудлаар ярилцлага өгчээ. Түүний ярилцлагаас онцлох 10 ишлэлийг уншигч танд түүвэрлэн хүргэж байна.

-2015 оноос түүний өмгөөлөгчөөр ажилласан. Эмэгтэй хүн гурван сар усанд ороогүй, маш хүнд нөхцөлд байсан. Чимгээ “Чам шиг юм өмгөөлөгч авахгүй шүү. Чамайг өмгөөлөх өмгөөлөгч ч олдохгүй” гэж дарамтлаад байсан. Би хийгээгүй хэргийнхээ төлөө сууж байна. Та намайг өмгөөлөх гэж байгаа юм уу” гэж итгэж ядаад зөндөө уйлсан.

-Т.Чимгээгийн 1998 оных нь зурагнаас дахиж зурсан гэж би боддог. Тэр зургийг дахиад сайн хараарай. Т.Чимгээгийн 1998 оны үеийн залуугийн зураг, Б.Содномдаржаагийн 40 настайгийнх нь зураг зэрэгцэж байгаа. Хэрэг гарах үед Б.Содномдаржаа 23 настай, Т.Чимгээ 29 настай байсан. Гэтэл 1998 оны ам зураг гэхэд Б.Содномдаржаагийн 40 насны зураг байх жишээтэй.

-61 хавтаст хэрэг байсан. Би 46 хоног уншсан. Өмгөөлөгч би битгий хэл хохирогчийн тал С.Зоригийн дүү С.Оюун хэргийг уншаад “Ийм хэргээр хүнийг яллана гэж байхгүй. Энэ хүмүүс хэрэг үйлдсэн гэж итгэл үнэмшил төрөхгүй байна” гээд хуралд орохоос татгалзсан байдаг.

-Хавтаст хэрэг уншиж суухад буутай хүн хажууд суучихна. 30 минут тутамд солигдоно. Хажууд буу барьчихсан, битүү масктай хүн хараад суучихаар маш дарамттай. Би 1978 онд МУИС-ийн хуулийн ангийг төгссөнөөс хойш тийм аймаар дарамттай, түгшүүртэйгээр хэрэг уншиж байсан удаагүй.

-Хавтаст хэрэгт Т.Чимгээг буруутгах нотлох баримт байдаггүй. Яах аргагүй хурууны хээ нь илэрчихсэн юм байна, гэрээс нь эд зүйл нь олдсон байна, аман зураг нь таарч байна гэх юмгүй. Хэргийн газраас 19 ширхэг үс олдсон. Тэрний нэг хэсэг нь амьтных, нэг хэсэг талийгаачийн үс, Булганы үс зэрэг байдаг. Т.Чимгээгийн үс байдаггүй. Түүгээр зогсохгүй хурууны хээ, гутлын хээ нь ч таараагүй. 

-Шүүх хурал дээр би гурван ч удаа асуусан. “Д.Амгаланбаатар аа, чиний яриад байгаа зүйлс яагаад бодит байдалтай нийцдэггүй юм бэ. Чиний харсан үзсэн гэсэн гэрчүүд ихэнх нь нас барчихсан байна” гэхээр хариуд нь “Өмгөөлөгч өө, би муу хүн л дээ. Би олон жилийн хорих ял авсан хүн. Би нар салхинд явмаар байна. Цаг хугацаа хожмоор байна шүү дээ” гээд шүүх хуралдааны танхимд хэлдэг.

-Д.Амгаланбаатар ”Б.Содномдаржаатай нэг газарт хоригдож байхад жаахан олон хүүхэд нь ирж уулзаад аав, аав аа гээд байхаар хэцүү юм. Надад 500 сая төгрөг өгнө, гадаадад гаргана гэж ятгасан учраас би тэр хүмүүсийг гүтгэсэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

-Энэ хэрэг хэрэгсэхгүй болж, хэргийн үнэн зөв олдоход Ц.Нямдорж сайдын үүрэг маш их. Тэр хүн байгаагүй бол бид мянга яриад гурван шатны шийдвэр хүчин төгөлдөр болчихсон байхад юу ч хийж чадахгүй байсан.

-Хэрэв нотлох баримт эргэлзээтэй бол хүнийг яллаж болохгүй. Эргэлзээ бүхий нотлох баримтаар яллачихсан. Тиймээс эцэстээ энэ хэргийг прокурорын байгууллага бодитой шийдлээ гэж үзэж байна.

-Ер нь ядарсан, араас нь гүйх ах дүү муутай, бэл бэлчингүй, хөдөөний хүмүүст хэргийг үүрүүлж даръя гэсэн санаа байжээ л гэж хуульч хүний хувьд эцэст нь харж байна. 

Эх сурвалж: "Өдрийн сонин"