ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Хүрэлбаатар: Гадаад валютын нөөц дөрөвдүгээр сард 3.7 тэрбум ам.доллар хүрч нэмэгдсэн

O.Admin
2023-05-03

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулжээ.

Гадаад валютын албан нөөц 2022 оны есдүгээр сард 2.5 тэрбум ам.доллар хүртэл буураад байсан бол 2023 оны дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 3.7 тэрбум ам.доллар хүрч нэмэгдсэн байна. Улмаар эдийн засгийн бодит өсөлт Үндэсний статистикийн хорооны урьдчилсан тооцоогоор 2023 оны эхний улиралд 7.6 хувьд хүрсэн. Үүнд, уул уурхай болон үйлчилгээний салбар голлон нөлөөлжээ. Харин жилийн инфляц эхний улиралд 12.2 хувь байсан бол тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 10.3 хувь хүртэл буурсан байна.

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар мэдээлэл хийхдээ "Монгол Улсын валютын нөөц 4 тэрбум ам.долларын нөөцөд хүрсэн ч "Гэрэгэ" бондын төлбөр төлөгдөж өнөөдрийн байдлаар 3.7 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байгаа. Валютын нөөц тогтворжиж байна. Энэ оны дөрөвдүгээр сард нүүрсний экспортын хэмжээ 19 сая тоннд хүрч цар тахлын өмнөх үе рүү хүрч 2019 онтой харьцуулахад 7.5 сая тонноор нэмэгдээд байна. Мөн Монгол Улс нүүрсээ биржээр арилжаалах болсон. Өнөөдрөөс эхлээд эдгээр нүүрсийг тусгай гарцаар гаргахаар болж байгааг мөн хуралдаанд танилцуулсан. 

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг манай яам хариуцдаг болсон. өмнө та бүхэнд танилцуулж байхад нийтдээ 32 асуудлыг Засгийн газарт танилцуулснаас хоёрыг нь шийдлээ. Сэргээгдэх эрчим хүчний асуудлаар 20 гаруй гомдол гаргасан байсныг Эрчим хүчний сайд ажлын хэсэг гаргаад шийдээд явж байна. Нэмээд 12 гомдол ирснийг тавыг нь Засгийн газрын түвшинд оруулж хэлэлцүүлэн тогтоол гаргалаа. 

Валютын нөөц нэмэгдэж, сүүлийн саруудад тогтвортой хадгалагдахад хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөллөө. Тухайлбал, 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний экспорт 19.0 сая тоннд хүрч, 2019 оны мөн үеэс 7.5 сая, өмнөх оны мөн үеэс 15.2 сая тонноор тус тус өссөн байна. Мөн бүх төрлийн ашигт малтмалын экспортын гэрээ гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгэгдсэнээр мэдээллийн ил тод байдал хангагдаж, АМНАТ-ын тайлагналт, орлого нэмэгдсэн" гэлээ. 

Багш ажилчид болон эрүүл мэндийн байгууллага цалингаа нэмүүлэх хүсэлт шаардлагыг удаа дараа тавьж байгаа бөгөөд энэ асуудлыг ярилцаж буй эсэхийг тодруулахад "Цалин тэтгэврийг жил бүхэн инфляцитай уялдуулан нэмж байгаа. Өчигдөр Эдийн засгийн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцсэн. Ирэх жил инфляцитай уялдуулаад нэмнэ" гэсэн хариулт өглөө.