Парламентад суудалтай улс төрийн гурван намын төлөөлөл буюу МАН, АН, ХҮН-ын Бүлгийн дарга нар өнөөдөр Төрийн ордонд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ. Тодруулбал, улс төрийн гурван нам Үндсэн хуульд оруулсан сонгуулийн тогтолцооны өөрчлөлт болон УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэх асуудлаар эцсийн шийдэлд хүрсэн гэдгээ зарлав.
МАН-ын бүлгийн дарга Б.Тогтохсүрэн хэлэхдээ “УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж, орон нутгийн иргэдийн санал бодлыг сонсоод ирлээ. Үүний дараа өчигдөр Намын бүлэг хуралдахаас гадна, УИХ-д суудалтай улс төрийн намууд уулзаж, тодорхой асуудлаар зөвшилцлөө. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхдээ олон нийтийн санал бодлыг сонсож, тэдний санал бодлыг тусгах нь чухал байдаг. Иргэдтэй уулзах үеэр иргэдийн зүгээс холимог тогтолцоог олонхи нь дэмжиж байна. Тойргийн төлөөлөл давуу байх санал гаргалаа. Мөн 152 гэдэг тоог дэмжихгүй байна. Зарим иргэд тоог бууруулах асуудлыг ч хөндсөн учраас УИХ-д суудалтай гурван нам ярилцаад холимог тогтолцоог оруулахдаа 60 мажоритор, 40 нь пропорциональ гэж оруулсныг оруулж ирвэл ямар вэ гэдэг саналыг хүлээж авлаа. Мөн УИХ-ын гишүүдийн тоог 126 гэж сонгоод мажоритар тогтолцоогоор 76-г, 50 нь намын жагсаалтаар орж ирэхээр УИХ-д оруулахаар шийдвэрлэлээ” гэв.
Харин АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ “Парламентын гишүүдийн тоо, тогтолцоог өөрчлөх бодит хэрэгцээ шаардлага гарсан нь үнэн. Тэр тусмаа тогтолцоог холимог болгох нь улс орны хөгжил дэвшилд чухал гэсэн санал олон жил гарсаар ирсэн учраас АН-ын бүлэг дэмжсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөд тал талдаа анхаарах зүйл бий. Бүх зүйл сайн сайхан болчих юм шиг хэт өндөр хүлээлтийг болих ёстой. АН-ын бүлгээс хүний эрхийг дээдлэх, хууль шүүхийн хараат байдал зэргээр таван багц 18 зүйл саналаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгахаар хүргүүлсэн ч хууль эрхзүй болон бусад асуудлаас үүдэн тогтолцооноос бусад нь дэмжигдсэнгүй. Цааш цаашдаа энэ бүхнийг бид тууштай бусад хуулиудад тусгаад, саналаа тавиад явна. АН-ын ҮБХ-ноос шийдвэр гарсны дагуу тэр бодлогоо бариад явж байна. Улаанбаатар хотоос сонгогдож байгаа гишүүдийн тоог нэмэх ёстой гэж мөн АН-ын бүлэг үзэж байгаа” гэв.
ХҮН-ын дарга Т.Доржханд "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол нийгмийн хүлээлт. Бид хоёр жил гаруйн хугацаанд энэ асуудлыг тойрч ярьсан. Эцэслэх шийдвэр гаргахын өмнө ирээд байна. Өчигдөр гэхэд улс төрийн намууд маш удаан хугацаанд уулзаж ярилцлаа. Иргэдийн гаргаж ирж байгаа саналууд, тэр тусмаа гишүүдийн тоог бууруулах асуудал их яригдлаа.
Гишүүдийн тойрогтоо ажилласан дүнг нэгтгэхээр тогтолцоог бол дэмжсэн. Харин гишүүдийн тоо 152 арай их гэсэн байна. ХҮН-ын зүгээс 152 гэж тооцож байсан. Монгол Улс цаашдаа таван саяулаа болно. 20-30 жилийн дараа зургаа, долоо, 10 сая болоод явна. Тэгэхээр тэр болгонд Үндсэн хуулиа өөрчлөх үү гэдэг асуудал яригдана. Тиймээс бидний зүгээс 76-г нь мажоритар, 76-г пропорциональ гэдэг санал гаргасан. Гэхдээ улс төрийн намуудтай зөвшилцсөний үндсэн дээр 60:40 буюу мажоритараар 76, пропорционалаар сонгоно гэсэн АН-ын бүлгийн саналыг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ” хэмээлээ.