Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдийн баяраар нийслэлийн хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулна.
Тодруулбал, Сүхбаатарын талбай, Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, 22-ын товчоонд байрлах Авто худалдааны төв болон найман дүүргийн талбайд хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулах юм. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулалт болон хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Н.Бумцэнд:
-Сүхбаатарын талбайд 20 асраар хүнс, хүүхдийн тоглоом худалдаж, явуулын үйлчилгээтэй 13 цэгээр түргэн хоол борлуулахаар болсон. Мөн Монголын хүүхдийн ордны гадна 20 асраар худалдаа, үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн гадна талбайд тав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 40, Үндэсний соёл амралтын хүрээлэнд 20 газар худалдаа, үйлчилгээ эрхэлнэ. Эдгээр байгууллагад холбогдох албаныхан хамтарч хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулсан гэлээ.
НЭМГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Шинэдаваа:
-Хүүхдийн баярын үеэр манайхаас урьдчилан сэргийлэх чиглэлээр таван байршилд 163 цэгт 46 улсын байцаагч хяналт тавин ажиллана. Үүнээс гурван байршилд нь түргэн тусламжийн машин байршуулна гэв. Мөн гарал үүсэл нь тодорхойгүй, ил задгай худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх, жимс, жимсгэнийг угааж идэхийг зөвлөлөө.
Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэхийг уриаллаа
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн дэд дарга, хурандаа Б.Батболд хүүхдийг зам тээврийн осолд сэргийлэх талаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн 2022 онд хүүхэд хохирсон зам тээврийн осол 810 бүртгэгдэж, 76 хүүхэд харамсалтайгаар амиа алджээ. Хүүхдэд учруулсан бэртэл гэмтлийн 77.6 хувь нь хүүхэд хамгаалалтын бүс зүүгээгүй, зориулалтын суудалд суугаагүй зэрэг жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болсон байгаа юм.
Мөн 16.2 хувь нь хүүхэд явганаар зорчиж яваад осолд өртсөн байна. Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид замын хөдөлгөөнд оролцохдоо заавал хөтөлнө гэсэн байдаг. Гэтэл хөтлөөгүйгээс хүүхэд тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр бэртэж, гэмтдэг байна. Иймээс Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдийг бэртэж, гэмтэх, осолд өртөхөөс сэргийлэхээс гадна зориулалтын суудалд суулгаж, хамгаалах бүс хэрэглэж тээвэрлэхийг уриаллаа. Мөн маргааш замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ ойрын болон аваарын гэрлийг асааж, хүүхдэд хүндэтгэл үзүүлэхийг хүссэн юм.