Үйл ажиллагаа зохион байгуулж буй байршлуудад хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран Хүүхэд хамгааллын багийг ажиллуулах юм.
Тус багт сайн дурын 100 ажилтан ажиллаж байгаа бөгөөд хүүхдийг төөрөх, болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж эцэг эхийн дугаарыг тэмдэглэх хэсэг бүхий 10,000 бугуйвчийг бага насны хүүхдүүдэд зүүж өгнө.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан дэд хурандаа П.Болормаа:
-Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой цэгүүдэд зөвлөмж, мэдээлэл өгөх, төөрсөн хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгөх ажлыг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулна гэв. Мөн олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газар хүүхдээсээ хором анхаарал холдуулахад л хүүхэд төөрдөг гэдгийг анхаарууллаа. Түүнчлэн хүүхэд төөрвөл 102 дугаарын утас болон тухайн цэгт ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид шуурхай мэдээлээрэй хэмээсэн юм.
Бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошго, дуусах хугацааг нягтлахыг уриаллаа
Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын ахлах байцаагч Б.Хонгор:
-Бид нийтийг хамарсан баяр ёслолын үеэр урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг тогтмол хийдэг. Энэ удаа 98 хүнсний сүлжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалт хийж, зөвлөмж хүргүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн. Мөн Хүүхдийн баяраар бэлэг, хиам, хиаман төрлийн бүтээгдэхүүн, торт үйлдвэрлэл, худалдаанд хяналт тавьж байна. Тэрчлэн явуулын хоолны үйлчилгээнд зөвлөмж хүргүүллээ. Хяналт шалгалтаар шошгын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн худалдаалж байгаа, түргэн муудах бүтээгдэхүүнийг зориулалтын хөргүүрт хадгалаагүй, зориулалтын бус саванд хоол савласан зэрэг нийтлэг зөрчил илэрсэн гэв. Иймд иргэдийг бараа, бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошго, дуусах хугацаа, зориулалтын хөргүүрт байгаа эсэхийг нягтлахыг уриаллаа.
Хүүхдийн тоглоомын аюулгүй байдалд хяналт тавьж байна
Нийслэлийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Хуягбаатар
-Хүүхдийн тоглоомын аюулгүй байдалд Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хяналт тавьж байна. Сүхбаатарын талбайн баруун урд талд таван төрлийн тоглоом байрлуулах бөгөөд аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг хүргүүлсэн гэлээ.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн Б.Амгаланзаяа:
-Хүүхдийн баярын өдрөөр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хүрээнд өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулах дөрвөн байршилд 32 алба хаагч таван автомашинтай үүрэг гүйцэтгэнэ. Мөн нийслэлийн гал түймэр унтраах аврах ангиудын ээлжийн бүрэлдэхүүн 24 цагаар бэлэн байдалд ажиллана гэлээ. Түүнчлэн бороо хур элбэгтэй байх тул амралт зугаалгад явах, салхинд гарахдаа хүүхдүүдээ гол уснаас хол байлгах, хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн ил гал гаргахгүй байхыг анхаарууллаа.