Энэ өдрүүдэд нийт нутгаар халалт үргэлжилсээр байх талаар Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдлээ. Маргааш буюу мягмар гарагт ч зарим аймаг сумдын нутгаар халалт үргэлжлэх магадлалтай байгаа аж.
Агаар ийнхүү огцом хэт халсны дараа дуу цахилгаантай бороо орох нөхцөл бүрддэг. Өнөөдөр гэхэд Баян-Өлгий, Увс, Ховдын зарим сумдын нутгаар, маргааш буюу мягмар гарагт өдөртөө Хөвсгөл, Завхан, Ховдын нутгаар, үдээс хойш Хангайн нуруу, Хөвсгөл, Завхан, Архангай, Булганы нутаг, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгорын зарим сумдын нутгаар дуу цахилгаантай бороо орно.
Үүний дотор Завхан, Архангай, Булганы нутгаар Мягмар гарагийн үдээс хойш болон шөнөдөө усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа тул малчид, иргэд сэрэмжтэй байхыг анхааруулж байна.