Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 00: 40 минутад “Цэргийн төв эмнэлэгт оюутан цэрэг эмчилгээ хийлгэж байгаад нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Төв аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус аймгийн Алтанбулаг сум, нэгдүгээр багт байрлах Зэвсэгт хүчний 119 дүгээр цэргийн ангид оюутан цэрэгт алба хаахаар татагдсан 19 настай, эрэгтэй “Б” нь энэ 22-ны өдрийн 10:30 минутын үед цэрэгжилтийн спортын хичээлд тус ангийн хашаанаас гарч зургаан км-ийн газар гүйлт хийх үед 1.2 км газрыг туулжээ. Улмаар “Би гүйж чадахгүй байна” гэх тайлбар өгснийг салааны захирагч түүнийг салааны ахлагчийн хамт үлдээсэн байна.
Хохирогч амьсгаа өндөртэй байсан тул сургалтын төвийн эмчийг дуудаж үзүүлэхэд ухаан алдсан байсан бөгөөд эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн аж. Улмаар сумын эмнэлэгт хүргэж, Цэргийн төв эмнэлэгт дуудлага өгч тус эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлжээ. Ийнхүү эмчилгээ хийлгэж байгаад тухайн өдрийн 18:00 цагийн үед амь насаа алдсан байна.
Хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоолгохоор Шүүх шинжилгээний байгууллагад шинжээч томилсон аж.