Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас үерийн эрсдэл үүсээд байсан. Үүнтэй холбогдуулан Улсын болон Нийслэлийн онцгой комисс, холбогдох байгууллагын ажилчид, албан хаагчид ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авснаар үерийн эрсдэл буурч буй.
Тиймээс усанд автсан зам талбай, барилга байгууламжийн ариутгал, цэвэрлэгээ эхэлж байна. Тодруулбал, нөхцөл байдал хүндэрсэн байршлуудын лаг, шаврыг зөөж тээвэрлэх, шуудайтай элсийг голын далан руу шахаж зөөх, агаар орчны бохирдлыг цэвэрлэх, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэж буй.
Энэ хүрээнд нян, өвчин үүсгэгчийг устгаж, орчныг ариутгахаар мананцар үүсгэгч машинууд хотын төв магистрал замууд дээр ажиллаж байгаа юм.
УБЗАА-ны Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал:
-Хот тохижилтын ОНӨААТҮГ-ын таван машин зургаан чиглэлд хуваагдаад ариутгал хийнэ. Усанд автсан, бохирдол их үүссэн байршлуудад эхний ээлжинд ажиллах юм. Цаашдаа хуваарь гаргаад нэг сарын хугацаанд тодорхой давтамжтайгаар энэ ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Ариутгалд олон улсын стандартад нийцсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бодисын уусмал ашиглаж байгаа бөгөөд мананцар үүсгэн шүршиж байна гэсэн юм.