Яруу найрагч Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тагнуулын байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж саатуулсан. Үүнээс хойш тэрбээр 98 дахь хоногтоо ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа билээ. Түүнийг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх зүйл ангиар буруутгаж буй.
Тэгвэл Ц.Хулан, лам Б.Отгонбаатар нарт холбогдох гэм буруугийн шүүх энэ сарын 20-ноос эхлэн дөрвөн өдөр үргэлжилж, өчигдөр түүнийг гэм буруутай хэмээсэн бөгөөд өнөөдөр түүнд ял оноох шүүх хурлыг өглөө 09.00 цагаас эхлүүлсэн. Тэгвэл яруу найрагч бүсгүйг гэм буруутай хэмээн үзэж шүүхээс түүнд 9.4 жилийн хорих ял оноолоо.
Эрүүгийн хуулийн заалт
19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Тэгвэл цахим орчинд өнөөдөр найрагчийн хүү нэгэн мэдэгдэл байршуулсныг уншигч танд бүрэн эхээр нь хүргэе.
У.Равдан цахим хуудсаараа дамжуулан "Би яруу найрагч Хулангийн хүү Равдан байна. Бид бүхэн ээжид холбогдох хэрэг гэгчийн шүүх хурлыг дуустал тэвчээртэйгээр, цагаадна гэсэн итгэлтэйгээр хүлээлээ.Гэвч шүүх, хууль хяналтынхан нийлээд ээжийг минь гэм буруутай хэмээн үзлээ. Үүнтэй холбоотой хэдэн зүйлийг товчхон хэлмээр байна:
1. Ээжийг маань дарамталж эрхшээлдээ байлгахын тулд 6 сарын өмнө надад АТГ-т хэрэг нээсэн. Миний ойр дотны найз нөхдийг дуудаж, намайг хэрэгт хийх зорилгоор олон талаар байцаасан. Хэрвээ би Монгол руу буцвал намайг мөн шоронд хийнэ. Би очоод нөхцөл байдал улам дордох учир эндээс очиж чадахгүй байна.
Өртөг өндөр газар эхнэр хүүхдүүдээ орхиод, ээжийгээ ч улам хүнд байдалд оруулахыг хүсэхгүй байна. Ингэж гэр бүлээр нь дарамтлан хэлмэгдүүлдэг юм байна. Мөн өмгөөлөгч Оюунбаатар гуай энэ хэрэг гээд байгаа зүйлээс чинь болж ардчилсан гэх Монгол улсад анх удаа өмгөөлөгчийг мөрдөн мөшгиж, гүйцэтгэх ажиллагаа явуулж, хүний эрхийг зөрчиж байгааг мэдэх үү? гэсэн.
2. Ээжийг гадны Тагнуулын Албанаас $800,000 авсан гэх ор үндэслэлгүй зүйл зохиож сошиалаар мэдээ их явуулж байна. Хэрвээ үнэхээр мөнгө авсан бол үр хүүхэд нь эх орон, хайртай дотны бүхнээ орхиод хүний газар ажиллаж амьдрах байсан уу. Мөн ээж минь хоригдохоосоо өмнө зээл тавин барин жижиг канад байшин бариулж түрээсийн орлого олохоор хөдөлмөрлөж явсан. 100 айлынхан мэднэ дээ. Ийм хүн $800,000 болон тэр яриад байгаа их хэмжээний мөнгө авсан байж таарах уу?
3. Яруу найрагч Ц.Хулан төрийн нууцад хамаарах ямар мэдээлэлтэй ойрхон байсан юм бэ? Ямар нууцыг хэнд өгөөд хэнийг яаж хохироосон юм бэ? Түүний өмгөөлөгч Оюунбаатар гуай мөн адил Хулангийн хувьд ямар ч төрийн нууцтай танилцаагүй, хэнд ч дамжуулаагүй гэж хэлсэн байсан. Ээж минь зүгээр л яруу найрагч, сэтгүүлч, нийтлэлч, үзэл бодлоо чөлөөтэй хэнээс ч айдаггүй илэрхийлдэг. Нууц гэдэг нэрийн доор хэн нэгэн бүлэг этгээдийн эрх ашгийг хамгаалахын тулд зохион байгуулалттай хэлмэгдүүлээд байна.
Гэхдээ ийм байлаа гээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж явсны төлөө хүн хэлмэгдүүлж болдог юм уу? "Нэг нь нийтийн төлөө Нийт нь нэгнийхээ төлөө" гэдэг үг байдаг. Ээж маань нийтийнхээ төлөө үгээ чөлөөтэй илэрхийлж явдагтаа ялтан болж байна. Одоо нийт нь нэгнийхээ төлөө нэгдэж тэмцэх цаг болжээ. Олон ярих зүйл байвч одоо ингээд товчхон дуусгая. Энэ бүхэнтэй бид эцсээ хүртэл бүх аргаар тэмцэнэ. Ээжтэй минь таарах төрийн албан хаагч бүхэн хүнлэг байгаарай.
Өмгөөлж хамгаалах хүүтэй,
Түмэн олондоо нэртэй хүн шүү" хэмээжээ.