Эрх мэдлээ урвуулан ашигласан, гэмт бүлэглэл байгуулахыг санаархсан гэх үндэслэлээр Улсын их хурлын гишүүн, ХНХ-ын сайдын албан тушаалаас огцорсон Т.Аюурсайханд холбогдох хэргийг өнөө хүртэл шүүх шийдэж чадаагүй, хэрэг ямар шатандаа яваа нь тодорхойгүй байсан.
Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэрэг шүүхэд очсон ч хэргийг буцаан прокурорт илгээсэн билээ.
Энэ удаа дээрх нэр бүхий хүмүүс болон “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.М, Б.Ж нарын зургаан хүн, Гашуун сухайт дахь гаалийн газрын улсын байцаагч болон Хил хамгаалах байгууллагын албан тушаалтнууд холбогдсон 22 хүнд холбогдох хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, ЭТТ-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал нөгөөдөр болох аж. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 142 хавтас эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 04-ний өдөр хүлээн авсан бөгөөд тус хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгч нарын хүсэлтээр наймдугаар сарын 30-ны өдрийн 14 цагт товлолоо гэв.