УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох албаныхан өнөөдөр Налайх дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж, ажиллалаа.
Энэ үеэр 2013 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй Налайх дүүргийн Спорт цогцолборын барилгын ажлын явцыг газар дээр нь үзэж аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч компани болон дүүргийн удирдлагуудад анхаарууллаа.
Тус Спорт цогцолборын барилгыг "Бүрд констракшн" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нийт 700 хүний суудалтай, заалны спортын төрлүүд, бөхийн ба боксын бэлтгэлийн заал, тамирчдын байрлах байр зэрэг өрөө тасалгаа, гадна талбайд спортын төрлүүдээр хичээллэх боломжийг ханган төлөвлөсөн.
Гэтэл анх 9.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүйгээс гадна нийт төсөвт өртөгт 15.3 тэрбум төгрөгийг улсаас гаргаад байгаа юм.
Мөн энэ үеэр тус дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явц, спорт заалны чанар стандартыг шалгаж ажиллалаа. Тус сургуулийн өргөтгөлийн барилгын ажил 2022 онд эхэлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нд дуусаж, сурагчдадаа хүлээн авах юм.