Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум. Цөх багийн “Номт” гэх газарт авто замын хажууд зогсож байсан бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, нэг хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн шөнө буюу 05-ны өдрийн 00:30 цагт хүлээн авчээ.
Улмаар, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 00:47 цагт очиход Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Сүхбаатар сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн “Бонго” загварын автомашины араас мөн чиглэлд зорчиж явсан гурван зорчигчтой иргэн Г-ийн “Приус-41” загварын автомашин мөргөсөн осол гарчээ.
Улмаар, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат иргэн Г/43 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ. Ослын улмаас хүний амь хохироогүй ч гэмтэж бэртсэн иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлжээ.