Найман жилийн өмнө монголчууд нүүрсний салбарын алдаа оноо, амжилтыг ярилцахаар “Coal mongolia” чуулганыг зохион байгуулж байжээ. Хөрөнгө оруулагчид, уул уурхайн салбарын акулууд, Засгийн газрын бүх л сайд, дарга нар цуглачихаад нүүрсний салбараас дааж давшгүй их ашиг олно, ирээдүй гэрэлтэй байна гэх мэтээр мөн ч их цуурсан даа. Гэвч найман жилийн дараа мөрөөдлөө ярьсаар байна. Харин ерөнхий зохион байгуулагчаар нь ажилладаг Л.Наранбаатарын компани нүдэн дээр томорч, өөрөө харин “нүүрсчин” болжээ.
Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ярьсан хэвээр. Хувьцаа эзэмших мөрөөдлөө өнгөрсөнд бас өнөөдөр ч ярьж байх юм. Хөрөнгө оруулагчид итгэл алдсан учраас жилээс жилд оролцогчид нь багасч, харин Л.Наранбаатарын түрийвч овоо түнтийсэн нь мэдээж. Эрдэс баялгийн эдийн засагч мэргэжилтэй энэ залуу олон зүйлээр тодрох гэж оролдлоо, энэ хугацаанд. УИХ-ын дарга асан З.Энхболд руу оймс шидэж олонд танигдахыг хүсч байлаа. Уул уурхай, тэр дундаа нүүрс ярьсан хэн бүхэнтэй шөргөөцөлдөж үзлээ. Гэвч ахиц гараагүй юм. Уул уурхайн эдийн засагч гэх том цолыг өөртөө өгч, Тавантолгойн орд газар, төмөр замаар попорсон ч бас л урагшлаагүй.
Найман жилийн өмнө ярьж байсан бүхнээ өнөөдөр тэр илүү гоё, илүү урнаар ярьж байна. Монголын төрийг хувийн компани шиг үздэг, эрх ашгаа хамгаалахын тулд улстөрчдийг хөлсөлдөг хэдэн компанийн төлөөллийг цуглуулчихаад нүүрсний салбарыг хөгжүүлэх талаар дахиад л хоосон уриа, тээр холын мөрөөдлөө хоёр өдөр ярих нь бололтой. Гэвч үр дүн хаана байна вэ, Л.Наранбаатар аа. Нүүрсний салбар та нарын ярьдаг шиг хөгжсөн үү. Том ордоо хөдөлгөөд тэндээсээ хувьцаа эзэмших үлгэрийг дахиад хэдэн жил ярих гэсэн юм бэ. Чуулган хийгээд хөгждөг бол найман жилийн хугацаанд нүүрсээрээ баяжчих байлаа, бид. Харамсалтай нь таны халаас томорч, нүүрсний салбар улам л давжаарсаар байна даа.