БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдэд зориулсан сайн дураар нутаг буцах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд маргааш буюу есдүгээр сарын 11-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сайн дураараа нутаг буцах гадаадын иргэдийг торгуулиас чөлөөлж, хилээр буцаж орох эрхийг хязгаарлахгүй байхаар болжээ.
Энэ нь БНСУ-д оршин суух дэг журмыг сахих, тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа баривчилгааны аяны хүрээнд гадаадын иргэн өөрөө сайн дураараа нутаг буцах тохиолдолд тухайн иргэнд урамшуулал олгож, сайн дураараа нутаг буцах боломжийг олгох түр хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр юм.
Харин хөтөлбөрт хууль бусаар хил нэвтэрсэн, хуурамч гадаад паспорт ашигласан, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон болон хилээр гарах шийдвэрийг хэрэгжүүлээгүй иргэн хамаарах боломжгүй. Нутаг буцах хүсэлтэй иргэд БНСУ-ын Хууль зүйн яамны лавлах утас 1345 тусгай дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.
БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэн энэ удаагийн нутаг буцах хөтөлбөрийн явцад сайн дураар нутаг буцаагүй, баривчилгаанд өртсөн тохиолдолд албадан нутаг буцаагдах ба тухайн иргэн багадаа 30 сая воны торгууль төлж, хилээр дахин нэвтрэх эрхээ хязгаарлуулах зэрэг хатуу арга хэмжээ авах талаар мэдэгдэж байгаа аж.