Оюутнууд нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчино

O.Admin
2023-09-22

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцжээ. Энэ нь их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврээр сар бүр 22 удаа зорчих ваучер эрх бүхий цахим карт олгодогтой холбоотой юм. Тодруулбал, оюутан нийтийн тээврээр зорчих эрхийг нэмэгдүүлэн 44 болгож, өмнөх журамд өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ. 2023 онд оюутныг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулсны нөхөн олговорт олгох төсвийг ₮6,3 тэрбумаар баталсан. Тэгвэл эхний хагас жилд 1,1 тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд оюутны зорчих эрхийг нэмэгдүүлсэн ч нөхөн олговор энэ онд батлагдсан хэмжээнээс давахгүй гэж Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар танилцууллаа. 

Энэ асуудлыг холбогдох хороодоор хэлэлцэх үед Боловсролын багц хуульд нийтийн тээврийн хөнгөлөлт чөлөөлөлтийг олгохтой холбоотой заалт хүчингүй болсон. Хууль хүчинтэй байх хугацаанд баталсан төсвийн хүрээнд оуютнуудын зорчих эрхийг нэмж болох ч, он гараад дээрх журмыг хэрэгжүүлэх боломжгүй болно гэдэг асуудлыг хөндсөн юм. Тиймээс энэхүү зохицуулалттай холбоотой саналыг Засгийн газар болон холбогдох яамнаас авах үүргийг Нийтийн тээврийн газарт үүрэг болгоод байв. Энэ талаарх тодруулгыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан тавив. Мөн төлөөлөгчид хөнгөлөлт чөлөөлөлтийг нэмэхээс илүү нийтийн тээврийн алдагдлыг бууруулахад анхаарч ажиллахыг сануулсан юм. 

Төлөөлөгч Н.Баярчимэг: Нийтийн тээврийн салбарт зарим зорилтот бүлгийн иргэдэд хөнгөлөлт чөлөөлөлт өгдөг. Гэхдээ нийслэлийн зүгээс нэг зүйлийг эргэн харах шаардлагатай байгаа нь БШУЯ-ны сайдын эрхлэх асуудлын хүрээнд буюу улсын төсвөөс ачааллыг мөн  хуваалцах хэрэгтэй байна.