ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Тэмүүлэн: БНСУ-ын Дэү компанийн удирдлагуудыг мөн шалгаж эхэлсэн

O.Admin
2023-10-02

Нэг бүрийг нь 400 сая төгрөгөөр БНСУ-ын "Дэү" компаниас худалдан авсан гэх ногоон автобус хуучин буюу 1993 оных, тэр ч байтугай угсарсан автобус байсан гэх дуулиан нийгмийн анхаарлыг татаад байна. Энэ асуудлаас үүдэн өнөөдөр МАН-ын бүлэг хаалттай хуралдаж, Түгжрэлийн асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар ёсзүйн хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм. 

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч амралтын өдөр хөдөө орон нутгаас ирсэн даруйдаа АТГ болон ЦЕГ-аас мөрдөгч томилон, уг асуудлыг шалгуулах ажлын хэсэг гаргахыг үүрэг болгосон билээ. Тэгвэл энэ асуудлаар дөнгөж сая АТГ-аас мэдээлэл хийлээ. 

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн, эрхэлсэн комиссар Н.Тэмүүлэн хэлэхдээ "АТГ болон цагдаагийн байгууллагаас нийтийн тээврийн асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг байгуулагдаад цөөн хоног болж байгаа. Энэ хугацаанд "Тэнүүн-Огоо" ХК-ийн нийт дөрвөн хүний таван ажлын байр, объектод мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөн уг этгээдүүдийг 48 цагийн хугацаагаар цагдан хорьж, баривчлах арга хэмжээг прокурорын зөвшөөрөлтэй явуулсан. Мөрдөн шалгах байгууллагын зүгээс эдгээр хүмүүсийг цаашид цагдан хорих үндэслэлтэй байна гэж үзсэн.

Прокурорын байгууллагаас үндэслэлтэй гэж үзвэл цагдан сэргийлэх арга хэмжээг шүүхээс авна аа. Шалгах ажиллагаа явагдаж байгаа, мөн БНСУ-ын Дэү компанийн удирдлагуудыг мөн шалгаж эхэлсэн бөгөөд, тухайн улсын Элчин сайдын яаманд хууль заасны дагуу мэдэгдэж, мэдүүлэг авах ажиллагаа явуулж байна. Мөн санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд гадаад улсын хуулийн байгууллагатай хамтарч ажиллах шаардлага үүсэж байгаа.

Тиймээс БНСУ-ын Ерөнхий прокурор болон Вьетнам улсын нийгмийг аюулаас хамгаалах яамтай хамтарч ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. "Тэнүүн-Огоо" ХК-ийн асуудлаас гадна нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Эрдэм Транс" компани нь БНСУ-д үйлдвэрлэсэн Хьюндай маркийн автобусаар үйлчилгээ үзүүлэхдээ насжилтыг уртасгах зорилгоор 135 автобусны арлын дугаар, оныг засварлах байдлаар бүртгүүлж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсын төсвөөс мөнгө авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон учраас тус компанийн захирлыг мөн цагдан хориод байна" гэв.