Олон улсын допингийн эсрэг байгууллага /WADA/-ын Монгол дахь төлөөлөгчийн газар буюу МОНАДА нь олон улсын байгууллагын өмнө хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, тэднээс ирүүлсэн хэрэгжүүлэх шаардлагатай дүрэм журмыг биелүүлээгүй төдийгүй, тайлангаа гаргаж өгөөгүй, санхүү мөнгөний тооцоогоо хийгээгүй зэрэг асуудлаас үүдэн манай улс ирэх 2024 оны олимпод цагаан туган дор орох эрсдэл үүсээд байгаа юм.
Тус байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар гэгч нь “Энэ бол олон улсын байгууллага учраас та бүхэнд хамаагүй” хэмээн Спортын сайдтай удаа дараа уулзахаас татгалзаж, хүсэлтийг нь хүлээн авдаггүй атлаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэж Монгол Улс өрөнд орж, 800 сая төгрөгийг WADA-д өмнө нь төлж байсан дахиад ч өр төлбөрийн асуудал гарч ирсэн учраас Засгийн газраас ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулаад байгаа билээ.
Тэгвэл АТГ-аас допинг болон авлигын асуудлаар өнөөдөр “МОНАДА”-гийн тэргүүн Ж.Хатанбаатар, Гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарын гэр болон Хатанбаатар эмнэлгийнх нь албан өрөөнд нэгжлэг хийхээс гадна энэ асуудалд холбогдуулан Биеийн тамир, улсын хорооны алба, хэлтэс удирдлагуудын гэр албан өрөөг ч нэгжсэн талаар “tsahiur.mn” сайт анхлан мэдээллээ.
Энэ мэдээлэл үнэн гэдгийг албаны эх сурвалж нотолсон бөгөөд Ж.Хатанбаатар нарын өрөөнөөс допинг байж болзошгүй бодис илэрч, хамсаатан буюу хориотой эм тариа, допинг оруулж ирдэг нэр бүхий тамирчид, эмч нарын нэрс ч ил болох нь цаг хугацааны асуудал болоод байгаа аж. Мөн Ж.Хатанбаатар гэгч нь БНСУ руу явуулсан бөхчүүд болон тамирчдын шинжилгээний хариуг Допингийн эсрэг үндэсний төвийн бус өөрийнхөө хувийн хаягаар авахаас гадна нэр бүхий бөхчүүдээс шинжилгээний хариуг өөрчилж, засах байдлаар авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал ч тогтоогдоод байгаа ажээ. Энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг ч АТГ-аас шалгаж, гэр болон бусад оффис, албан өрөөнд нь нэгжлэг хийж эхэлжээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.