“Нээлттэй Хөвсгөл-2023” форумын үйл ажиллагаа Улаанбаатар зочид буудлын Их танхимд эхэллээ. Хөвсгөл аймгийн хөгжлийн гарц болсон аялал жуулчлал, сэргээгэгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй салбар эко, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл чиглэлээр судалгаа, шинжилгээний сүүлийн үеийн мэдээллээ хуваалцах зорилго дор форумын үйл ажиллагаа болж байна.
Хөгжлийн эдгээр чиглэлүүдэд шинэ техник, технолги инновац нэвтрүүлэх, хөрөнгө оруулалтын боломж, шинэ санал санаачилга бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэргээр ярилцаж хэлэлцэнэ. Бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна.
Түүнчлэн Хөгжлийн сангийн нээлт болж цогц сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл өгөх юм. Форумыг санаачлан зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн газар, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөл ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав форумыг нээж Хөвсгөл аймгийн хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн боломж сэвдээр илтгэлээ тавьсан юм.
Хөвсгөл аймгийн хөгжлийн гол гарц нь Хөдөө аж ахуй, мал аж ахуй дээр суурилсан эко аялал жуулчлал. Тэрбээр аялал жуулчлалын салбарын хүрээнд өнөөгийн эдийн засгийн өсөлтийг тэлэх, хөрөнгө оруулалт татах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх боловсруулах үйлдвэрлэл олноор байгуулах боломжийг дурьдсан юм.
Тухайлбал, аялал жуулчлалын салбарын хүрээнд дэд бүтцийг сайжруулах тухайд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Мөрөнгийн нисэх онгоцны буудлыг олон улсын нисэх онгоцны буудал болгох шийдвэр гаргасан нь том боломж хэмээн тодотгов. Хатгал тосгоны нисэх буудлыг сэргээж байнгийн нислэгтэй болгох мөн босоо тэнхлэгийн замын хөрөнгө оруулалт зэргийг үр дүнтэй болгох асуудлыг хөндсөн юм. Азийн хөгжлийн банкны 55 тэрбум төгрөгөөр хийгдэх ажлууд төлөвлөгөөний дагуу явагдаж өндөр хүлээлт байна.
Мөн Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл-Архангай аймгийг холбосон хатуу хучилтай авто зам тавих асуудлыг шийдвэрлэсэн нь том болмж байгааг онцоллоо. Мөн Хөвсгөл аймаг 2023 оныг Хөвсгөлд зочлох жил болгон зарлаж энэ онд 12 эвэнт ажлыг зохион байгуулсан нь аялал жуулчлалыг цаашид жилийн туршид тогтвортой хөгжүүлэх боломж байгааг онцолж байна. Хөвсгөл аймагт2023 нийт 74 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд явж байна. Авто зам, тээвэр логистекийн хүрээнд хийгдэх ажлууд үе шаттай хийгдснээр аймаг эдийн засгийн өсөлтийг тэлэхэд том түлхэц болно гэлээ. Форум Аялал жуулчлаын тогтвортой хөгжил, эко орчин сэдвээр үргэлжилж байна.
Ц.Мягмарбаяр