ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шидэт ертөнцийн эзэн

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-05-13

Дөрөвхөн настай бяцхан охин “Авьяаслаг Монголчууд” шоуны тайзнаа чонын тухай өхөөрдөм шүлэг уншиж, олныг байлдан дагуулж, монголчуудын хайр, өхөөрдлийг төрүүлж байсан нь саяхан.

Хэвлүүхэн яриатай, насандаа баймгүй хэрсүү тэр бяцхан “од”-ыг Амгаланбаярын Эрдэнэцэцэг гэдэг. Олонд алдаршсан нэр нь “Энжи”. Эдүгээ энэ бяцхан авьяастныг мэдэхгүй хүн цөөхөн биз ээ.

Тиймээс бид энэ удаа “Эгэл амьдрал” буландаа эгэлгүй авьяастай Энжиг урилаа. Бяцхан Энжи аав, ээж, ах дүүгийнхээ хамт амьдардаг аж. Түүний төрсөн ах “TV9” телевизийн “Лоолойгийн найзууд”гэх хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч гэнэ лээ.

“Дүү нь хэдэн настай вэ? гэх шүүгчийн асуултад “Манай дүү насгүй, өлгийтэй” хэмээн хариулж, олны инээд баясал, хайр хүндлэлийг төрүүлж асан дөрөвхөн настай Энжи одоо “Тольт” сургуулийн сурагч, том эгч болжээ.

Өлгийтэй байсан дүү нь ч настай болоод зогсохгүй, бүр хоёр ойндоо хүрч яваа хэмээн бидэнд гэр бүлээ танилцуулав. Түүний өхөөрдөм яриа, үйл хөдлөл, хэвлүүхэн ааш аалинд хүний сэтгэлийг соронздон татах ер бусын хүч байна уу гэлтэй.

Харахад л хайр ундарч, эгдүү хүрнэ. Энд тэнд үсчин дэгдэх дэггүй төрх, галтай, цоглог алаг нүд, үе үе тожигнох хөөрхөн инээд бол түүний салшгүй “имиж”. Энжигийн алс ирээдүйн гэгээн мөрөөдөл нь, өнө хойчийн өдрүүдийн тухай төсөөлөл, орчлон ертөнц, хүмүүсийг харах өнцөг үнэхээр сүүдэргүй тунгалаг юм билээ.

Ийм гэгээн ертөнцөд амьдардаг учраас тэр үргэлж инээж явдаг биз ээ. Тэр өөрийн ертөнцөд хүн бүр сайхан сэтгэлтэй, бие биеэ хайрладаг байгаасай гэж хүсч явдаг гэв. Энжи тун ч хэрсүү нэгэн аж.

Тиймдээ ч өөрийн гэсэн хатуу дэгтэй урлагийн амаргүй замд хоёрхон настайдаа орж, эргэлт буцалтгүй зүтгэж явна. Урлагийн хүн байхын жаргал зовлон хийгээд тэвчээр шалгах чангахан мөчүүдийг нялхаасаа амсч яваа “том” уран бүтээлчтэй нэгэн өдрийг өнгөрүүлэхэд ийм жижигхэн биенээс ямар их тэвчээр гарна вэ хэмээн гайхсанаа нуух юун.

Хоёр настайдаа “Манай эмээ тэгэх үү” гэх богино хэмжээний цуврал зохиомжид тоглож эхэлснээр урлагийн зам түүний өмнө нээгджээ. Түүний багш болох нагац ах нь АНУ-д урлагийн сургууль төгсч ирүүт уг зохиомжийг санаачлан гаргаж, дөнгөж хэлд орж байсан бяцхан Энжи дүр бүтээж байжээ.

Ингэж л урлаг гэх их айлын босгыг хоёрхон настайдаа алхан орсон байгаа юм. “Өхөөрдөм” Энжигийн ажлын нэг өдөр зураг авалтын талбай руу унтсан чигтээ явахаар эхэлдэг юм билээ.

Ихэвчлэн шөнөөр ажиллаж, зарим тохиолдолд зураг авалт нь өглөө дуусдаг тул бяцхан алдартан маань ийн унтаагаараа ажилдаа гардаг хэрэг. Түүнийг унтаж байх зуур үсийг нь янзалж нүүрийг нь будаж зураг авалтын талбайд очив.

Бүх зүйл бэлэн болсны дараа түүнийг сэрээж ажил эхэллээ. Угаас энэ зүйлийг хийх ёстой, хариуцлагатай байх ёстой гэдгийг нялхаараа ухаарсан учраас өөрийн хүлээсэн үүргээ яв цав биелүүлж байлаа. Томчуудыг амарч байх зуур ч өөрийн хэлэх үгээ бэлтгэж байх жишээтэй.

Хэрсүү Энжи бүгдийг амжуулна. Одоогоор хүүхдийн нэвтрүүлэг хөтлөхөөс гадна, “Гэр дүүрэн охид” хэмээх уран сайхны кинонд тоглож, ойрын үед шинэ жилийн баяртай холбоотойгоор өдөрт багадаа л гурван тоглолтод орж, амсхийх ч чөлөөгүй “таваргаж” яваа хэмээн бидэнд ярив.

Мөн ETV телевизийн “Арван хоёр сар” жүжгийн гол дүрийн гүнжийн дүрд тоглож байгаа аж. Мөн хувийн уран бүтээлээ ч орхигдуулаагүй. Дуучин Э.Чулуунчимэгтэй хамтарсан шинэ дуу нь үзэгчдэд хүрэхэд бэлэн болоод байгаа хэмээлээ.

Энэ олон ажлын алийг нь ч хойш тавилгүй бяцхан биедээ баймгүй их хүч чармайлт, тэсвэр тэвчээрийг гаргаж яваа авьяаслаг Энжи маань ойрын өдрүүдэд шинэ жилийн баяр болж, ачаалал ихэссэн учраас 14 хоног хичээлдээ сууж чадаагүй хэмээн ярилаа.

Ихэвчлэн үдээс өмнө телевизийн жүжигт тоглоод, үргэлжлүүлэн кино зураг авалтын талбай руу явдаг. Заримдаа түүний нэг өдрийн ажил дараагийн өдрийн үүрээр дуусдаг аж.

Зураг авалтын багийн томчууд хүртэл ядарснаа ам булаалдан гайхаж байхад бяцхан Энжи цоглогоороо л дэгдэж гарна. Ядарч байна уу гэхэд “үгүй” л гэх. Үнэхээр ч ядарсан шинж түүнд алга.

Бүтэн хоёр шөнө нойргүй шахам зураг авалтад орсноос болж халуурч байсан ч угийн хүлээсэн үүрэгтээ эзэн байж сурсан тэр халуун бууруулах эм уугаад л ажилдаа орж байсан хэмээн аав, ээж нь бидэнд ярьсан юм.

Ердөө л зургаахан настай шүү дээ, тэр. Түүний уйгагүй, хөдөлмөрч, эрч хүчтэйг хамтрагчид нь ам булаалдан магтав. Энэ их амжилт, ажлуудын цаана түүний багш болох нагац ах нь гол үүрэг гүйцэтгэдэг.

Түүнийг өглөө гэрээсээ гарахаас эхлээд бүхий л хугацаанд ах нь түүнтэй хамт байж, арын албанд бат зогсон, бүх зүйлийг нь бэлтгэдэг. Ах нь хувийн сургалтын төвтэй бөгөөд Энжи анхны суралцагч нь ажээ.

“Зурагтаар гарах хамгийн гоё. Том болоод дандаа зурагтаар гардаг “од” болно” хэмээн ярих хэвлүүхэн бяцхан уран бүтээлчийн нэг өдрийн амьдрал ийн өрнөлөө. Од болох түүний ганц мөрөөдөл биш.

Угаас бүхнийг амжуулагч учраас эмч болохыг ч бас хүсдэг. “Эмээгийн минь бие өвдөөд байдаг болохоор би од болохоос гадна эмч болно. Тэгээд эмээгээ өвдүүлэхгүй” хэмээн ярьж байлаа.

Өнгөц харахад хүүхдийн дэврүүн хүсэл ч гэлээ түүний цаана хүн хүнээ хайрлах сэтгэл, бүртийх ч хиргүй гэгээн ертөнц харагдана. Тэр юм бүхнийг гэгээн сайхан байлгахыг хүсдэг шидэт ертөнцийн эзэн. Бүхнийг сайхнаар харж, эрх дураараа дэгдэх үлгэрийн гүнж. Бяцхан Энжидээ аз жаргал хүсье. Өөрийн бүтээсэн гэгээн ертөнцдөө үргэлж инээж яваарай гүнж минь.