1. Нойр булчирхай нь ходоодны ард байрлалтай, хоол боловсруулахад оролцдог хамгийн том булчирхай юм.
2. Гадаад болон дотоод шүүрлийн хоёр үйл ажиллагаатай.
3. Гадаад шүүрэл нь хоол боловсруулахад оролцдог, уураг, нүүрс ус, өөх тос зэргийг задлах ферментүүдийг ялгаруулна. Өөрөөр хэлбэл, бидний идэж буй хүнсний бүтээгдэхүүний уураг, өөх тос, нүүрс-ус нойр булчирхайн шүүрлийн нөлөөгөөр моно сахар, амин хүчил болтлоо задарч шингэн хэлбэрт шилжин нарийн гэдэсний ханаар цус руу шингэж, шимэгдэх үйл ажиллагаа явагдаж биднийг тэжээдэг байна.
4. Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь хүний цусан дахь сахрын хэмжээг тохируулж өгдөг. Нойр булчирхайн сүүл хэсэгт байрладаг сахарыг зохицуулдаг эсүүдээс инсулин ялгардаг юм.
5. Нойр булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдвал хоол боловсрох, шимт бодисын шимэгдэх хэвийн явц алдагддаг бөгөөд архаг үрэвсэл нь чихрийн шижин өвчин үүсгэх шалтгаан болдог.
6. Нойр булчирхайн үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг олон эрсдэлт хүчин зүйлс бий. Үүнд: цөсний чулуу, архи тамхины хэрэглээ, буруу хооллолт, удамшлын хүчин зүйлс, дархлааны хүчин зүйлс, эмийн хэрэглээ зэрэг багтана.
7. Монголчуудын хувьд архины замбараагүй хэрэглээ, цөсний чулуу, буруу хооллолт нь нойр булчирхайн үрэвслийн хамгийн гол шалтгаан болдог. Буруу хооллолт гэдэгт тос өөхний зохисгүй хэрэглээ багтана.
8. Нойр булчирхайн үрэвслийг цочмог, архаг гэж хоёр ангилдаг. Цочмог үрэвслийн үед өвдөлт ихэнхдээ гэнэт эхэлж, аажмаар хүчтэй болдог. Ерөнхийдөө аюулхай орчимд, хэвлийн зүүн дээд хэсгээр байрлалтай өвдөнө. Зарим тохиолдолд нуруу руугаа ороож бүсэлж дамжина.Түүнчлэн хэвлий цардайх, дүүрэх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хүндэрсэн тохиолдолд амьсгаадах, шээсний гарц багасах, халуурах, артерийн даралт буурах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Архинаас хамаарсан цочмог үрэвслээс амь насаа алдах нь элбэг.
9. Архаг үрэвслийн үед өвдөлтийн хүч харьцангуй бага боловч байнгын эсвэл идэж ууж байгаа зүйлтэй холбоотойгоор үе үе сэдэрдэг.
10. Мах, өөх тос ихтэй хоолны араас газтай ундаа, хүйтэн зүйл уух, их өлсөж байгаад гэнэт их идэх, дандаа өлөн хоосон гарах, бэлэн хоол, амтлагч ихтэй хурц хоол их идэх нь нойр булчирхайн үрэвсэл сэдрэх эсвэл цочмог үрэвсэх шалтгаан болно.
11. Манайх шиг олон хоног гэнэт мах өөх тос ихтэй хоол идэж архи хэтрүүлэн хэрэглэж баяр тэмдэглэдэг онцлогтой улсад Цагаан сар болон бусад баярын дараа архи их хэрэглэснээс нойр булчирхайн өвчлөл эрс нэмэгдэх нь элбэг.