ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НӨАТ-ын буцаалтыг таван хувь болгохыг 100 мянган иргэн дэмжлээ

O.Admin
2023-10-23

Парламентын спикер Г.Занданшатарын санаачилгаар энэ сарын 17-ны өдөр УИХ-ын “D-Parliament” платфомд НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг 2 хувиас 5 хувь болгож нэмэгдүүлэх нийтийн өргөдлийг эхлүүлж, иргэдийн саналыг авч эхэлсэн.

Тэгвэл өнөөдөр буюу 6 хоногийн хугацаанд уг өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зурж, дэмжиж буйгаа илэрхийлэв. Санал асуулгад 100 мянган иргэн санал өгсөн тохиолдолд УИХ-ын холбогдох Байнгын хороо хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцэх зохицуулалттай бөгөөд өнөөдөр ийнхүү 100 мянган иргэний дэмжлэг авсан тул хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой боллоо.

Сангийн сайдын хувьд НӨАТ-ын хувь хэмжээг нэмэгдүүлснээр татварын орлого 600 тэрбум төгрөгөөр тасалдах эрсдэлтэйг анхааруулсан юм. Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд төсвийн үр ашиггүй хөрөнгө оруулалт, төрийн үргүй зардлыг танах байдлаар  НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэх байр суурийг илэрхийлсэн.