Монгол Улсын Шадар сайдын ажлын алба болон , Стандарт, Хэмжил зүйн газар хамтран “Импортын барилгын материалын стандарт” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын яам, Гаалийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Барилгын хөгжлийн төв, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар, Төрийн худалдан авах ажиллагаа, МҮХАҮТ, Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл зэрэг байгууллагууд хамтран оролцож, "Барилгын материалын стандарт, гарц шийдэл", "Улсын байгууламжуудын чанар, стандарт" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сүүлийн үед суурьшлын бүсийн хүн амын дунд шалтгаангүйгээр бие сульдах, тавгүйрхэх зовиур нийтлэг илрэх болсон. Үүнийг мэргэжилтнүүд мөн л хар тугалга агуулсан барилгын материалтай холбон тайлбарлаж байгаа. Энэ бол импортын барилгын материалд стандарт, хэм хэмжээг чанд баримтлах нь үндэсний аюулгүй байдалд холбогдох нэн тулгамдсан асуудал болохын нотолгоо. Барилгын материалын чанар сайн биш байна гэж бид ярьж бичиж байгаа боловч чухам ямар материалын, ямар үзүүлэлт, чанар муу байгаа түүнд нөлөөлж буй хүчин зүйл, арилгах арга замын талаар ярихгүй бол материалын чанар аяндаа сайжрахгүй. Өөрөөр хэлбэл бид судалгаа, дүгнэлт, техникийн баталгаа үндэслэлгүйгээр таамгаар ярьцгааж байна. Чанарын дэд бүтцийн бүрэлдэхүүн хэсгийн нэг тохирлын үнэлгээний хэсэгт баталгаажуулалтын байгууллага, сорилтын лаборатори, техникийн хяналтын байгууллагууд хамаардаг.
Засгийн Газрын 291 тогтоолоор заавал баталгаажуулалтад хамруулах барилгын материалын 7 бүлгийн 30 зүйлийн 230 нэр төрлийн бүтээгдэхүүний дийлэнхэд тохирлын баталгаажуулалт хийхээр Үндэсний итгэмжлэлийн төвөөс Барилгын хөгжлийн төв, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв, Барилга архитектур корпорац зэрэг байгууллагууд нь итгэмжлэл аван үйл ажилладаг.
Өнөөдрийн байдлаар дээрх байгууллагууд голчлон бетон хольц, дайрга, төмөрбетон хийц, хуванцар цонх, хаалга, хөөсөн полистрол бүтээгдэхүүн, бетоны нэмэлт, ган туйван зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ олгосноос биш бидний яриад байгаа дотоод орчинд хамаарах будаг, лак, цавууг шинжлэн үнэлэх асуудал орхигдоод байна.
Тус хэлэлцүүлэгт Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл ТББ-ын Тэргүүн Г.Батсүх "Барилгын материал импортлогч, үйлдвэрлэгч нарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц шийдэл" сэдвээр, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшин "Барилгын материалын хуний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл" сэдвээр тус тус итгэл тавьж, хэлэлцүүллээ.
Харин гарц шийдлийн тухайд Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл ТББ-ын тэргүүн Г.Батсүх “Импортын барилгын материалын чанар аюулгүй байдал барилгын чанарт шууд нөлөөлдөг. Барилгын зах зээлд стандартын бус маш их материал орж ирж байна. Тиймээс чанарын шаардлага хангахгүй барилгын материалыг улсын хилээр оруулж ирэхгүй байх асуудлыг Шадар сайд болон бусад яамдад тавин ажиллаж байна.
Барилгын материалыг эрсдэлтэй бүтээгдэхүүний ангилалд оруулбал улсын хилээр орж ирж буй бараа, материалыг хянаж шалгах боломжтой болно. Ингэснээр стандартын бус бараа материал хилээр орж ирэхгүй байх нөхцөл бүрдэх юм. Чанаргүй материалыг барилгад ашигласны төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй байна. Барилгыг барьсан компани, хүлээж авсан комисс хэн ч хариуцдаггүй. Эцсийн дүндээ иргэд л хохирдог” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Одоогоор зах зээлд худалдаалж буй барилгын материалын 40 орчим хувь нь стандартын шаардлага хангахгүй байна. Иймд импортоор орж ирж байгаа чанар стандартын шаардлага хангахгүй барилгын материалуудыг улсын хилээр оруулж ирэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо.