ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БХУА-ийг дэслэгч генерал Л.Моломжамц агсаны нэрэмжит болгов

O.Admin
2023-11-09

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тухайлбал Батлан хамгаалахын удирдлагын академийг Монгол Улсын төр, цэргийн зүтгэлтэн Батлан хамгаалахын сайд, БХУА-ийн анхны захирал агсан, профессор, дэслэгч генерал Лувсангомбын Моломжамцын нэрэмжит болгох тухай шийдвэрийг гаргав.

Мөн “Батлан хамгаалахын шагнал олгох журам”-ыг шинэчлэх тухай асуудлыг хэлэлцсэн бол НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчийн сонгон шалгаруулалт явуулсан талаарх ажлын хэсгийн мэдээллийг сонсжээ. Өнөөдрийн хуралдаанаар бас нэг хэлэлцсэн чухал асуудал бол Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүний “Хээрийн дадлага” сургалтыг зохион байгуулсан талаарх дүн мэдээлэл байсан. Энэ жил тус сургуулийг Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар, Төв гэсэн 6 аймагт амжилттай зохион байгуулав. Манай улсын хувьд өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөн, геостратегийн байршил, эдийн засгийн чадавх, боломж зэргээс шалтгаалан төрийн бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа, нийт иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтыг хөгжүүлж, бэхжүүлэх нь улс орноо батлан хамгаалах хамгийн оновчтой тогтолцоо юм.

Мөн Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб хамтран өнгөрсөн 5, 9 дүгээр саруудад Булган, Архангай аймагт “Бидний бахархал” төслийг амжилттай зохион байгуулсан. Батлан хамгаалах салбарыг аймаг, сум, тосгонд нь очиж, сурталчилах нь ард иргэдэд эх орноороо бахархах, эх орноо гэсэн сэтгэлгээг суулгахаас гадна хүүхэд залууст цэрэг эх оронч үзэл хүмүүжлийг төлөвшүүлэхэд түлхэц болсон оновчтой арга хэмжээ болсон гэж зөвлөлийн гишүүд үзэж байна. Ирэх онд энэхүү ажлыг үргэлжлүүлэн бусад аймаг орон нутагт явуулах нь зүйтэй гэдгийг гишүүд дэмжжээ. Хурлын төгсгөлд энэ онд Батлан хамгаалах салбарын гадаад улс орон болон Монгол Улсад хийгдсэн ажлын айлчлалын талаарх мэдээллийг сонсож, үр дүнгийн талаар хэлэлцлээ.