ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ-д тархсан амьсгалын замын өвчлөл олон эмгэг төрүүлэгчээс үүдэлтэй

O.Admin
2023-11-27

БНХАУ-ын хойд бүс нутагт хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгааг тус улсын хэвлэлүүд болон олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Өчигдөр БНХАУ-ын үндэсний эрүүл мэндийн хорооноос сүүлийн үеийн нөхцөл байдал, өвчнийг үүсгэгчийн талаарх тодорхой мэдээллийг өглөө.

Хятадын эрүүл мэндийн албаныхны мэдээлж байгаагаар, хүүхдүүдийн дунд тархсан амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа нь шинэ буюу өмнө нь огт илэрч байгаагүй вирус биш, амьсгалын замын олон эмгэг төрүүлэгчээс үүдэлтэй гэж мэдэгдэж байна. Мөн, халдварын тархалт нэмэгдэж байгаа боловч, эмнэлгүүдэд хэт ачаалал үүсгэх хэмжээнд хүрээгүй гэжээ.

Хятадын өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн дархлаажуулалтын хөтөлбөрийн мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар, эмгэг төрүүлэгчид дунд томуугийн вирус давамгайлж байна. Мөн, уушгины хатгалгаа болж байгаа гол шалтгаан нь, олон төрлийн хавсарсан нийлмэл томуугийн вирус тэр дундаа респиратор синтициал вирус байдаг юм байна. Энэ вирус нь хүүхэд ханиахаас гадна халуурч амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрч, маш хурдан хүндрэх нөхцөл болдог юм байна. Тус төвийн дархлаа судлаачийн өгч байгаа мэдээллээр амьсгалын замын өвчин үүсгэгч вирус нь яг аль насны бүлэгт илүү их зонхилон тохиолддог тухай тайлбарлаж байна. 

Ван Хуачин БНХАУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн дархлаа судлаач “Тухайлбал, 1-4 насны хүүхдүүдийн дунд ханиад томуунаас гадна, риновирусээр үүсгэгдсэн ханиадны өвчлөл тодорхой хувийг эзэлж байна. Харин 5-14 насны хүүхдүүдэд энгийн ханиад томуунаас гадна микоплазмаар үүсгэгдсэн өвчлөл тодорхой хувийг эзэлж байна. 15-69 хүртэлх насны бүлэгт томуугийн вирусээс гадна, риновирус, шинэ төрлийн коронавирус илэрч байна. Харин 60 ба түүнээс дээш насны хүмүүст метапневмовирус нь нийтлэг өвчин үүсгэгч вирус гэж үздэг. Түүнчлэн 60 ба түүнээс насны бүлгийн хүмүүсийн дунд нийт тохиолдлын дийлэнх хувийг коронавирусний халдвар эзэлж байна” гэж ярилаа. 

Хятадын СиСиТиВи-ийн мэдээлснээр нийслэл Бээжин хотын хүүхдийн эмнэлэгт л гэхэд өдөрт дунджаар 7000 өвчтөнийг хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлж байна. Энэ нь эмнэлгийн хүчин чадлаас давсан тухай мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт Тяньжин хотын ойролцоох хамгийн том хүүхдийн эмнэлгийн амбулатори болон яаралтай тусламжийн тасаг 13 мянган хүүхдийг хүлээн авч, зөвлөгөө тусламж үзүүлсэн байна.