ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дүрстэй дуудлагаар бүх төрлийн тусламж үйлчилгээ авах боломжтой

O.Admin
2023-12-14

Гал түймэр, гамшиг осол, гэмт хэрэг, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага өгч байгаа иргэн дүрстэй дуудлага хийж нөхцөл байдлаа бодитоор харуулан тусламж, үйлчилгээ авах боломжтой боллоо.

Гар утасны камерын дүрсийг мэдээлэл хүлээн авагч харах техникийн нөхцөлийг Мэдээлэл, шуурхай удирдлагын төв бүрдүүлэн, нууцлал аюулгүй байдлын тохиргоог гүйцэтгэж үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлжээ. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлж эхэлснээс хойш 101/105, 102, 103 тусгай дугаарт хандсан 131 иргэнтэй видео дуудлагаар холбогдож шуурхай тусламжийг үзүүлээд байна. Тухайлбал, гал түймрийн дуудлага өгсөн иргэнтэй өөрийнх нь зөвшөөрлийг үндэслэн видео дуудлага хийж, Гал унтраах анги очихоос өмнөх хугацаанд ямар арга хэмжээ авч, галын тархалтыг зогсоож болох зэрэг зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас өгнө гэсэн үг.

Ингэснээр дуудлага хүлээх хугацаандаа айдас, сандралаа дарж, зөв үйлдэл хийснээр эрсдэлийг бууруулах, хаяг байршлаа мэдэхгүй байгаа иргэдэд туслах зэрэг ач холбогдолтой юм. Мөн хөндлөнгийн хүн дуудлага өгч байгаа үед ашиглах боломжтой. Дүрст дуудлага хийхдээ гар утсанд холбоос хаяг явуулах бөгөөд тухайн линк дээр дарж дүрст дуудлагыг авна. Тиймээс дуудлага өгч буй хүн интернэтэд холбогдсон ухаалаг утастай байх шаардлагатай.