ЭМЯ, НЭМГ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ-ийн удирдлага, хүүхдийн эмч нар томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудал болон халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, шинэ жилийн баяртай холбоотойгоор хоол хүнсний аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр шинэ жилийн баярын өдрүүдэд хоол хүнсний аюулгүй байдалд анхаарах, хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа өгөв.
Тэрбээр “Баярын өдрүүдэд олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулагдахаас гадна өрх бүр гэртээ хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр авч хэрэглэдэг үүнээс улбаалаад хүнсний аюулгүй байдал алдагдаж, хоолны хордлогын дэгдэлт гарах эрсдэл бий болдог.
Монгол Улсад 2023 оны эхний 11 сарын байдлаар гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогын 3317 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1211-ээр нэмэгдсэн үзүүлэлт юм. 2023 онд улсын хэмжээнд гэдэсний халдварт өвчний найман дэгдэлт бүртгэгдэж, нийтдээ 683 хүн эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 106 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Шинжилгээ хийлгэсэн 127 хүнээс гэдэсний халдварт өвчний эмгэг төрөгч нян илэрсэн. Эдгээр дэгдэлтийг 37.5 хувь нь хүүхдийн байгууллагад, 25 хувь нь цэргийн байгууллагад, 27.5 хувь нь нийтийн хоол үйлдвэрлэл, зөөврийн хоолтой холбоотой байсан” гэлээ.
Шинэ жилийн баяртай холбогдуулан ХӨСҮТ-ээс хоол үйлдвэрлэл явуулдаг байгууллага болон нийт иргэдэд дараах зөвлөмжийг өглөө.
Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг зөвхөн зөвшөөрөлтэй дэлгүүр, супермаркетаас худалдан авах.
Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.
Хүнсний бүтээгдэхүүнийг яг тохирсон хэмд хөргөгчинд хадгалах. Мах махан бүтээгдэхүүнийг хөлдөөгчинд хадгалах.
Болсон болон түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа заавал угаах
Жимс, ногоог салат хийхдээ сайтар угаах
Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх
Ундны усанд хэрэглэхээр авсан усыг 24 цагийн дотор хэрэглэж дуусгах
Хоол хүнс идэхийн өмнө гараа угаах
Гэдэсний халдварт өвчнөөс өвдсөн хүнийг гэртээ тусгаарлах, эмчилгээг бүрэн хийх