Баярын өдрүүдэд эрүүл мэндийн салбарын ажиллах цагийн хуваарь болон эмнэлгийн зохицуулалтын талаар НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дүүргийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллана. Хүүхдийн амбулаторыг томуугийн амбулатор болгох зохицуулалт хийсэн. Ажлын өдрүүдэд 17:00-21:00, бямба гарагт 12:00-18:00 цаг хүртэл сунаж ажиллаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 08:30- 20:00, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байна. Иймд, иргэд ойр байгаа өрхийн болон дүүргийн эрүүл мэндийн төвд хандан эмчийн зөвлөгөө авах боломжтой” гэлээ.
Мөн шинэ жилийн баярын өдрүүдэд буюу бүх нийтээр амрах дөрвөн өдөрт дараах зохицуулалтаар эрүүл мэндийн байгууллагууд ажиллах аж. Тодруулбал:
- ӨЭМТ-үүд арванхоёрдугаар сарын 29, 30, 31, нэгдүгээр сарын 1-нд 10:00-16:00
- Дүүргийн ЭМТ-ийн гэмтэл, мэс засал, шүдний кабинетууд арванхоёрдугаар сарын 29, 30-нд 10:00-15:00
- Хүүхдийн кабинет арванхоёрдугаар сарын 29, 30, 31 болон нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд 10.00-15.00
- Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв арванхоёрдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд 09.00-15.00 цагийн хооронд ажиллахаар тус тус зохицуулалт хийжээ.
Харин нийслэлийн түргэн тусламжийн төв болон дүүргийн ЭМТ, нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн үйл ажиллагаа 24 цагаар хэвийн явагдана.