Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын D-parliament цахим системд Оном сангийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Д.Наранжаргал элэгний В, Д вирүсийн эсрэг эмчилгээний үнийг хямдруулж, эмчилгээний хүртээмжийг эрс нэмэгдүүлэх саналыг байршуулжээ.
Саналыг petition.parliament.mn цахим системд арванхоёрдугаар сарын 15-нд байршуулсан бөгөөд одоогоор 1998 хүн дэмжиж гарын үсэг зурсан байна.
Монгол Улс 100 мянган хүн ам тутам дахь элэгний хорт хавдрын тохиолдлын тоо болон нас баралтын тоогоороо дэлхийн дунджаас даруй 12 дахин их байна. Элэгний хорт хавдрын тохиолдлын болон нас баралтын тоог ДЭМБ-ын харьяа Олон улсын хавдар судлалын агентлагaас дэлхийн 185 орон тус бүрд насаар нь стандартчилж гаргадаг. Нас баралт дэлхийн дунджаас 12 дахин их байна гэдэг нь олон мянган монгол хүн цагаасаа эрт, залуу насандаа хорвоогийн мѳнх бусыг үзүүлж байна гэсэн үг юм. Эрүүл мэндийн хѳгжлийн тѳвѳѳс гаргасан тоо баримтаар 2022 онд Монгол Улсад 17.9 мянган хүн нас барснаас 1636 хүн элэгний хорт хавдраар, 656 хүн элэгний хатуурлаас болж, нийт 2’292 хүн хорвоог орхижээ. Энэ нь өдѳрт дунджаар зургаан Монгол хүн элэгний өвчнөөр нас барж байна гэсэн үг юм.
Олон улсын хэмжээнд харьцуулсан тоо баримт болон үндэсний статистик нь Монгол Улсад элэгний хорт хавдар, хатуурал ОНЦ НОЦТОЙ хэмжээнд хүрээд удаж байгааг тод томруунаар харуулж байгаа ба хепатитын В, С, Д вирүсийн халдвар Монгол Улсын хүн амын дунд маш их тархсанаас үүдэн нас баралт ийм цочирдом их байна. Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг бууруулах үндсэн зорилготой хѳтѳлбѳрийг Оном сан 2012 онд санаачлан 2014 оны 09 сард олон нийтэд зарлан хэрэгжүүлж эхлүүлсэн. Оном сангийн уйгагүй тэмцлийн үр дүнд Улсын Их хурал 2016 оны есдүгээр сард Засгийн газрын Үйл ажиллагааны хѳтѳлбѳрт Элэг бүтэн Монгол хѳтѳлбѳрийг оруулан баталж байв.
Харин энэ удаа элэгний В, Д вирүсийн эсрэг эмчилгээний үнийг хямдруулж, эмчилгээний хүртээмжийг эрс нэмэгдүүлэх санал гарган олон нийтээс гарын үсэг цуглуулж байгаа аж.