Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Эрүүл мэндийн сайдын “Бүх нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрийн амралтын үед эрүүл мэндийн байгууллагын ажиллах журам”-ын дагуу улсын болон зарим хувийн эрүүл мэндийн байгууллагуудаас эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээг 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 01-ны өдрүүдэд авч нэгтгэн өдөр тутамд Эрүүл мэндийн яаманд хүргүүлэн ажиллажээ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээг 2023 оны арванхоёрдугаар сарын 28-наас 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нэгтгэн дүгнэхэд:
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭ
2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 01-ны шинэ жилийн баярын амралтын өдрүүдэд нийт 549 эх амаржиж, 549 нярай амьд төрсөн байна.
Баярын амралтын өдрүүдэд нас баралтын нийт 97 тохиолдол бүртгэгдсэнээс 60.8 хувь нь эмнэлэгт, 39.2 хувь нь гэртээ нас барсан байна. Осол гэмтлийн улмаас нас барсан 19 тохиолдол бүртгэгдсэнээс хөлдөлт, осголтын улмаас нас барсан тав, архины хордлогын шалтгаант зургаа, хоолны хордлогын шалтгаант нэг, бусад ослын улмаас долоон тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Амбулаторт 48 780 үзлэг хийгдсэний 64.8 хувь нь өрх, сумын эрүүл мэндийн төвд хийгдсэн байна. Түргэн тусламжийн 14149 дуудлага хүлээн авч үйлчилснээс 4929 буюу 34.2 хувь нь хүүхэд, 9320 буюу 65.8 хувь нь насанд хүрэгчид байна.
Эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт өдөрт дунджаар 170 насанд хүрэгч, 136 хүүхэд эмчлүүлсэн байна. Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн 56.9 хувь уушгины хатгалгаатай хүүхдүүд байна.
Улсын хэмжээнд хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар 12 сарын 28-аас 01 сарын 01-ний өдрүүдэд нийт 23720 хүн үйлчлүүлсэн. Үүнээс 10536 буюу 44.4 нь насанд хүрэгчид, 13184 буюу 55.6 хувь нь хүүхэд байна. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн насанд хүрэгчдийн 17.8% (1871), хүүхдийн 4.9% (651) нь осол гэмтлийн шалтгаантай байна.