ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Говьсүмбэр аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгууллаа

O.Admin
2024-01-11

УИХ болон түүний Тамгын газрын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбон, албан бус боловсролын болон зайны сургалтын арга, хэлбэрээр иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах, ЕБС-ийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан залууст зориулсан Парламентын боловсролын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх” зэрэг бодлогын зорилтуудыг дэвшүүлсэн байдаг.

Энэ дагуу Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, нутгийн удирдлагын байгууллагуудтай хамтран Хууль тогтоомж сурталчлах төвийг орон нутагт үе шаттайгаар байгуулж эхэлсэн. Тодруулбал, өнгөрөгч онд Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төвүүдийг байгуулсан юм.

УИХ-ын Тамгын газраас ЗГХЭГ, Швейцарын хөгжлийн агентлагийн “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран дөрөв дэх Хууль тогтоомж сурталчлах төвийг Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дэргэд байгуулж, өчигдөр нээлтээ хийжээ.

Хууль тогтоомж сурталчлах төв нь Улсын Их Хурал, Засгийн газар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг иргэдэд танилцуулах, эрх зүйн мэдлэг олгох, хэлэлцэн баталж буй хуулийн төсөлд иргэдийн саналыг авч тусгах, хууль тогтоох үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр хүргэхэд чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулна.

Үүний зэрэгцээ ЕБС-ийн сурагч, их, дээд сургуулийн оюутнууд, өсвөр үеийнхэнд ардчиллын суурь мэдлэг олгох, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч, Парламентын боловсрол хөтөлбөрийг танилцуулах, оролцоог хангахад чиглэж ажиллах аж.