Архангай аймгийн Булган сумын нутагт оторлож буй малчин өрхүүдийн төлөөлөлтэй уулзаж, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг үеийн хүндрэл бэрхшээлийн талаар сонслоо.
Тус аймгийн нутгаар ихэвчлэн Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгаас малчид ирж өвөлжихөөс гадна аймаг дотроо ч отор нүүдэл хийх нь элбэгшсэнийг хэлж байв. Одоогоор найман суманд зудын байдалтай гэж үнэлэгдсэн ч ойрын өдрүүдэд тэнгэрийн төлөв тогтуун сайхан байгаа аж.
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумаас отор нүүдэл хийж, энэ нутагт өвөлжиж буй залуу малчин А.Дорждагвын гэр бүл ган, зуд, байгаль цаг уурын бэрхшээлээс илүү малын гаралтай түүхийн эдийн үнэгүйдэл малчдын аж амьдралд хамгийн том чөдөр тушаа болж байгааг онцолсон юм. Тэд уламжлалт нүүдлийн мал аж ахуй олон талын өгөөжтэй ч ашиг шимийг нь бүрэн дүүрэн хүртэж чадахгүй учраас нэгдмэл зохион байгуулалт, тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байлаа.
Архангай аймгийнхан 2019 оноос эхлэн малчдын нөхөрлөлийг байгуулж, хамтарч эхэлсэн туршлагатай. Иймд бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт өв соёлыг алдагдуулахгүйгээр МАЛЧИН-МАЛ-БЭЛЧЭЭР гурвын харилцан шүтэлцээг хангах замаар малчин өрхүүдийн хөдөлмөрөөрөө хорших, нэгдэн хамтрах үйл ажиллагааг дэмжихийн тулд малчны хотноос тэдний саналыг тусгах нь чухал юм. Отрын бүсэд өвөлжиж буй малчин өрхүүдэд өвс тэжээлийн хангамж, эрүүл мэндийн үйлчилгээ гээд тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхээр ОБЕГ болон аймаг, орон нутгийн удирдлагууд холбогдох арга хэмжээг авч ажиллав.