Хумсаа байнга буюу тав болон түүнээс дээш жил будуулж буй иргэд хумсны хавдраар өвдөх тохиолдол нэмэгдсэн тухай Гар сарвууны мэс заслын эмч О.Очирпүрэв “Тусгал” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр “Ихэнхдээ чанаргүй химийн бодис, гелэн болон бусад будаг, лак зэргээс болж үүсдэг. Мөн хумсаа цохих, хүнд зүйлээр дарах гэх мэт хуруу, хумсны бүх төрлийн гэмтлээс шалтгаалан хумсны хавдар үүснэ. Практикт хумсаа байнга будуулдаг хүмүүст илүүтэй тохиолдож байна. Манай эмнэлэгт хандаж буй хүмүүсийг харахад 3-5 жил, зарим нь 10 жил хумсаа тасралтгүй будуулдаг байснаас үүдэн хумсны хавдартай болсон байна. Тэгэхээр хугацааны хувьд янз бүр. Богино хугацаанд ч хавдар үүсэж болзошгүй гэсэн үг. Цөөн тохиолдолд хумсаа огт будуулдаггүй хүмүүст илэрч байгаа бөгөөд цаад шалтгаан нь гэмтэл байх нь бий” хэмээн ярьжээ.
Иргэдийн ихэнх нь хавдар үүссэнг мэдэлгүй, өвдөлтөөс болж эмнэлэгт хандсанаар оношлогддог байна.