Эрүүл мэндийн яамнаас Цагаан сарын баяр болох гэж буйтай холбогдуулан сар шинээр ажиллах эмнэлгийн хуваарь, эрт илрүүлгийн явц, амьсгалын замын болон хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар зөвлөмж мэдээлэл өглөө.
Энэ үеэр Амьсгалын замын халдварт өвчин, хоол хүнсний хордлогоос сэргийлэх чиглэлээр ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа мэдээлэл өгөв.
Тэрбээр “Олон хүн цугларсан үед халдварт өвчин дамжин тархах эрсдэл үүсч байдаг. 2024 оны дөрөвдүгээр долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд томуу томуу төст өвчний идэвхжлийн түвшинд байна. Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдээр 8788 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.6 хувь нь амьсгалын замын цочмог халдвар буюу уушгины хатгаатай байна. Хүүхдийн тасагт эмчлүүлж буй 1693 хүүхдийн 74.7 хувь нь амьсгалын замын цочмог халдвартай байна. Томуу, томуу төст өвчнөөр хэдий бүх насныхан өвчлөх боломжтой ч, нярай хоёр хүртэлх насныхан, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, сүрьеэ, чихрийн шижин, зүрх судасны өвчтэй хүн, 65 болон түүнээс дээш насныхан хүндрэх эрсдэлтэй байдаг. Иймд Цагаан сараар олноороо цуглахдаа амьсгалын замын өвчлөлөөс сэргийлэх тодорхой зөвлөмжийг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэв.
Улмаар тэрбээр дараах зөвлөмжийн өглөө.
-Гараа савандаж угаах
-Хоол идэхийн өмнө спиртэн суурьтай халдваргүйжүүлэгчээр гараа ариутгах
-Золгох үед бага насны хүүхдийг үнсэхгүй, арьс, нүүрэнд нь хүрэхгүй байх.
-Гараар нүүр, амандаа хүрэхгүй байх
-Агаар сэлгэлтийг хоёр цаг тутамд хийх