Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарласан бөгөөд ЭМЯ-ны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг эрт илрүүлгийн явцын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийт хүн амын дунд эрт илрүүлэг урьдчилсан оношилгоо шинжилгээ явуулж байна. Оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 28-ны байдлаар нийт 1.3 сая иргэнийг эрт илрүүлэгт хамруулсан байна. Цаашид үзлэгийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдсан хүн амын 52 хувь нь 0-18 насны хүүхдүүд хамрагдсан бол 48 хувь нь 18-аас дээш насныхан байна. Харин 18-30 насны залуучуудын оролцоо тааруу байна. Залуус өвчлөл бага байгаа гэсэн хүлээлттэй байгаа боловч урьдчилсан шинжилгээнд хамрагдсан залуусын өвчлөл өндөр байна.
Нийт үзлэгт хамрагдсан 1.3 сая иргэнээс 964 мянган хүн ямар нэгэн байдлаар өвчтэй, сэжигтэй гэсэн тохиолдолууд давхардсан тоогоор гарсан. Тэр дундаа хоол боловсруулах эрхтэн тогтолцоотой холбоотой өвчлөл 964 мянган иргэний 57 хувьд нь илэрлээ.
Ходоодны ямар нэгэн хэлбэрийн өвчлөл илэрсэн гэсэн үг. Мөн дотоод шүүрэл, бодисын солилцооны өвчин 13.4 хувь буюу 128 мянган иргэнд илэрлээ. Түүнчлэн 86 мянган буюу 9 хувьд нь шээс, бэлгийн замын тогтолцооны өвчлөл илэрсэн. Энэ үзүүлэлтийг залуучууд эзэлж байна. Зүрх судасны өвчлөл 64 мянга буюу 6.7 хувийг эзэллээ. Энэ төрлийн өвчин Монгол Улсын тэргүүлэх зэргийн өвчин байсан бол буурсан үзүүлэлттэй гарлаа. Халдварт бус өвчлөлт хувь хүний амьдарлын хэв маяг ихээхэн нөлөөлж байна. Ялангуяа тамхи татах, архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, жимс ногооны хангалтгүй хэрэглээ, хөдөлгөөний хомсдол зэргээс үүдэж байна. Эрт илрүүлэгт хамрагдсан хоёр хүн тутмын нэг нь идэвхитэй хөдөлгөөн хийдэггүй, 4 хүн тутмын 1 нь илүүдэл жинтэй байна.
Энэ удаагийн эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан иргэд өвчнөө эрт үед нь оншлуулж чадлаа. Энэ бол бага зардлаар бүрэн эмчлэгдэх боломжийг бий болгож байна.
Энэ нь өрхийн эдийн засаг, сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлдэг. Эрт илрүүлэг шинжилгээг эхлүүлэхээс өмнө хавдрын илрүүлэлтээр 74 хувь нь хожуу шатандаа илэрдэг байсан. Харин эрт илрүүлэг хийснээр хавдрыг эрт үед нь илрүүлэх хувь 65 хувь болж буурлаа” хэмээн мэдээллээ.