ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулжээ

O.Admin
2024-02-16

Иргэн Нямжавын Номун-Эрдэнэ энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр "Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах" сэдэвтэй нийтийн өргөдлийг D-Parliament- цахим системд байршуулсан билээ.

Энэхүү санал 100 мянга гаруй хүний дэмжлэг авсан тул УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх болсон талаараа УИХ-ын дарга Г.Занданшатар Сар шинийн баярын өмнө мэдэгдэж байв.

Тэгвэл тэрбээр 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж, Засгийн газраас санал авахаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан тоот хүргүүллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар албан тоотдоо:

-Иргэн Н.Номун-Эрдэнээс "Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах" сэдэвтэй нийтийн өргөдлийг Улсын Их Хурлын цахим системд 2024 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр гаргасан бөгөөд уг өргөдөл 100167 иргэний дэмжлэг авсан байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391.2.3-т заасны дагуу уг асуудлыг судлан үзэхэд хууль хоорондын зөрчил байна гэж үзсэн уг зөрчлийг арилгах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн наймдугаар зуйлийн 8.1.1- д заасан бүрэн эрхийнхээ дагуу Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсрууллаа.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлал, танилцуулга, хуулийн төслүүдийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан болон хуулийн төслийн үр нөлөөг үнэлсэн ажлын тайлан, зардлын тооцоо зэрэг холбогдох баримт бичгийг хавсаргав гэжээ.

Хуулийн төсөлтэй https://d.parliament.mn/tusul/1b607ca9-1126-401c-9bd2-247b040d073a холбоосоор танилцаж болох аж.