ОХУ-ын Сант Петерсбургийн шүүхээс шоронд амиа алдсан тус улсын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн дурсгалыг хүндэтгэн, зул өргөнсөн 154 хүнийг баривчлан, зөвшөөрөлгүйгээр жагсаал, цуглаан хийх журмыг зөрчсөн хэмээн хамгийн ихдээ 14 хоног хорих шийдвэр гаргажээ.
ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальный өнгөрөгч баасан гарагт шоронд хоригдож байхдаа нас барсан юм. Шоронгийн ажилтнуудын мэдээлснээр, тэрээр алхаж байхдаа гэнэт бие нь муудаж нас барсан аж. Түүний гэнэтийн үхэлтэй холбоотойгоор иргэд дурсгалыг нь хүндэтгэн улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, лаа асаасан ч, зөвшөөрөлгүй цуглаан хийсэн хэргээр 100 гаруй хүнийг баривчлаад байна.
ОХУ-д Засгийн газрын эсрэг жагсаал хийх, тэр бүү хэл Засгийн газраа шүүмжлэх нь бараг хууль бусад тооцогдож байна. Ерөнхийлөгч Владимир Путин улс төрийн өрсөлдөгч Навальныйгийн үхлийн талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Алексей Навальный нь ОХУ-ын одоогийн ерөнхийлөгч В.Путины бодлого, шийдвэрүүдийг шүүмжилдэг нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэн байсан бөгөөд хууль сахиулах байгууллагаас түүнийг удаа дараа хэрэгт буруутган хорьсоор, хамгийн сүүлд 2021 онд хэт даврагч байгууллагыг үүсгэн байгуулж, санхүүжүүлсэн хэргээр 19 жилийн хорих ял оноон хорьж байсан юм.