ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авлаа

O.Admin
2024-03-22

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны нэгдүгээр дүгнэлтийг хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжив. 

Тус дүгнэлтэд УИХ-аас 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн хуулиар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд “сүүлийн 6 хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй” гэсэн 29.3.3 дахь заалт нэмжээ. 

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “... Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна хэмээн үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрлөө. 

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.