Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн болон холбогдох албаны хүмүүс энэ сарын 25-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзлаа.
Тус уулзалтаар ГССҮТ-ийн захирал, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч Э.Галбадрах удирдлагын багийн хамт төвийн үйл ажиллагааг танилцуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.
Төвийн хувьд дотоод үйл ажиллагаанд шаардагдах зарим асуудлыг өөрсдийн зүгээс шийдвэрлэж байгаа ч оношилгоо эмчилгээний чухал хэрэглэгдэхүүн болох MRI аппарат, орон нутагт яаралтай тусламж үзүүлэх алсын дуудлагын автомашин, тасаг нэгжийн иж бүрэн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэхэд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг хэрэгтэй гэдгийг салбарын удирдлагуудад дуулгасан.
Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 2023 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэлийг өргөн хүрээнд эхлүүлснээр Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуультай болсон. Ингэснээр эрүүл мэндийн салбар хоёр тулгуур баганатай, санхүүгийн хоёр эх үүсвэртэй болж буйг дурдаад ирэх сарын 1-нээс хэрэгжих Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулиар иргэний эрүүл мэндийн боловсрол тэргүүлэх чиглэл байхаар тодорхойлсон.
Тиймээс улсын хэмжээнд гэмтэл согогийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлж буй лавлагаа шатлалын эмнэлгийн хувьд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түлхүү үзүүлэх, иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, ялангуяа иргэн бүр осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд, амь насаа авран хамгаалах талаар амьдралын зөв дадал хэвшил, мэдлэг хандлагатай болоход чиглэсэн шинжлэх ухааны судалгаа, баримт нотолгоонд суурилсан нөлөөллийн ажлыг зохион байгуулахад ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд манлайлж ажиллахыг уриалаад энэ чиглэлээр хийх бүхий л ажилд боломжтой бүхий л дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ хэлсэн юм.
Түүнчлэн өнгөрсөн онд өөрчлөлт оруулсан хулиудаас онцлон Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиудад орсон нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулж, Эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай зэрэг хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа бөгөөд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлыг хамгаалах, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн заалтуудыг оруулах, эрсдэлийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх тал дээр тодорхой ажлуудыг хийж буйгаа ч товч танилцуулсан юм.
Мөн эх орондоо нутагшуулсан шинэ технологи, мэс засал эмчилгээг орон нутагт нэвтрүүлэх, улмаар гэмтлийн шалтгаант өвчлөлийг бууруулах, төвлөрлийг сааруулах үүднээс БОЭТ, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байранд нь сургаж чадавхижуулах, гадаад дотоод хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь нэн чухал болохыг онцоллоо. Эрүүл мэндийн сайдын хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцаа хандлагыг сайжруулахад анхаарч, иргэд үйлчлүүлэгчдийн соёлтой үйлчлүүлэх ёс зүйг төлөвшүүлэх, эерэг хандлагыг бий болгоход чиглэсэн үйлчилгээний стандартыг хэрэгжүүлсэн түшиц байгууллага болохын төлөө Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тус төвийн хоёр тасгийн иж бүрэн засвар үйлчилгээ, өндөр өртөгт MRI аппарат болон ЭМД-ын санхүүжилттэй холбоотой өр авлагыг үе шаттайгаар бууруулах асуудлыг судалж шийдвэрлэхээр болж, яаралтай тусламжийн иж бүрэн тоноглогдсон автомашиныг эмнэлгийн удирдлагуудад гардуулж өгөөд эмч, мэргэжилтнүүдийн саналыг сонссон.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн зүгээс Эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой тулгамдаж буй асуудал, олон улсын дэвшилтэт технологи болон мэс засал эмчилгээг эх орондоо нутагшуулахад чухал хэрэгцээт микроскоп зэрэг зарим өндөр өртөгт тоног төхөөрөмж, төлбөрт тусламж үйлчилгээний үнэ тарифын зөрүүтэй байдлын талаар санал хүсэлтээ илэрхийлж, холбогдох тайлбар мэдээллийг авлаа.