ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Ариунзаяа: Дөрвөн сорьцын хариу эерэг гарсан ч допинг илэрсэн гэж хэлэхэд эрт байна

O.Admin
2024-07-17

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран улсын наадамд зодоглосон бөхчүүд, харваачдын допингийн шинжилгээний хариуны талаар олон нийтэд мэдээлэл өглөө.

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа "Хуульд заасны дагуу 4 буюу түүнээс дээш давсан 32 бөх,  сур харвааны эрэгтэй,  эмэгтэй тус бүр найм нийтдээ 48 тамирчны допингийн шинжилгээний сорьцыг Германы Дрезден хотын ВАДА-гийн итгэмжлэгдсэн лабораторид  долдугаар сарын 14-ний үүрийн 02:00 цагт хүргүүлсэн.  Ингэхдээ 48 цагийн дотор хариуг гаргах хүсэлт тавьсан. Амласан ёсоор лаборатори долдугаар сарын 15-ны 22:30 цагт 44 шинжилгээний хариуг бидэнд ирүүлсэн. Дөрвөн сорьцын хариу нь эерэг гарч, нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай болсон. Энэ шинжилгээний хариу нь эцсийн байдлаар бидэнд ирээгүй байна. Энэ 4 шинжилгээний хариу эерэг гарсан нь допинг илэрсэн гэсэн үг биш. Нэмэлтээр шинжлэх шаардлагатай болсон гэсэн үг. Лавлах шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд допинг хэрэглэсэн гэж үзэн тамирчны нэрсийг зарлана. Одоогоор бөх, харваачаас илэрсэн гэдгийг мэдэх боломжгүй. Дөрвүүлэнгээс нь допинг илэрсэн, илрээгүй гэж хэлэх нь одоогоор эрт байна” гэлээ.

Тамирчдын шинжилгээний сорьц цуглуулах, хадгалах, хүргүүлэх бүх үйл ажиллагаанд тусгай чиг үүргийн байгууллага ханялт тавьсан бөгөөд зөрчил гараагүй гэдгийг талууд онцолж байв.

Түүнчлэн, Монголын Үндэсний бөхийн салбар хорооноос баяр наадмын бэлтгэл хангах ажлын хүрээнд тамирчин дасгалжуулагч, хууль хяналтын байгууллагынханд допингийн шинжилгээ, олон улсын дүрэм стандартын талаарх сургалт зохион байгуулж ажилласан байна.