Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өнгөрсөн баасан гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жил, есөн сарын хорих ял оноосон.
Шүүхийн шийдвэр 14 хоногт албажих бөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор давж заалдана гэдгийг өмгөөлөгч нь мэдэгдсэн бөгөөд тэр хүртэл сэтгүүлч Н.Өнөрцэцэг 461-р ангид хоригдож байгаа юм.
Тэгвэл өнөөдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэр мэдээлэл хийж, уг хэрэгт анхаарал хандуулж өгөхийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт уламжиллаа.
Энэ үеэр түүний дүү Н.Жаргалбаяр “Н.Өнөрцэцэгт төрийн нууцыг дамжуулсан гэх хүн нь БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ. Б.Бат-Эрдэнэ нүүрсний сонсголын үеэр манай сайтын сэтгүүлчид тухайн бичгийг өгсөн байдаг. Тухайн бичгийг манай сэтгүүлч шүүгээндээ хийчихсэн байсныг маркетингийн менежер Өнөрөө эгчийг хоригдохын орой гэрээ, бичиг баримтуудаа машиндаа хийчихсэн байсан. Харин хоёр долоо хоногийн дараа менежерт “Машины чинь цонх хагарчихлаа” гэх дуудлага ирсэн байгаа юм. Менежерийг машин дээрээ очтол гурван цагдаа ирчихсэн байсан гэдэг. Тэгээд машинд нь нэгжлэг хийж, дотор нь байсан бичиг баримтуудыг хурааж авсан байгаа юм. Маргааш нь н.Амарбаясгалан гэх цагдаа манай менежерийг кофе ууя гэж дуудаад бичиг баримт олдсон гэх байдлаар гарын үсэг зуруулаад авчихсан байсан. Б.Бат-Эрдэнэ дээр ямар нэг хэрэг үүсгээгүй, шалгаагүй. Харин дэд сайд дээр нь шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэж сонссон. Зариг.мн сайтын менежерийн машинд байсан бичиг цаастай холбож, Өнөрөөг төрийн нууц хадгалсан гэж үзээд байгаа. Тэр материалыг Н.Өнөрцэцэг хадгалаагүй. Тэр материал сайд байсан Б.Бат-Эрдэнээр дамжиж ирсэн гэдэг. Иймэрхүү байдлаар хэлмэгдүүлчихлээ" гэв.