Өнөөдөр буюу долоодугаар сарын 26-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон Зүүнбүрэн сум Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрөөс 20-65 нэмэгдэж үерийн түвшинг 25 см давсан байна.
Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Босгын гүүр/, Тэрэлж зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж Улз, Хэрлэн /Хонгон-Мөнгөнморьт / зэрэг голуудын усны түвшин 10-75 см нэмэгдэж, Туул / нийт уртын дагуудаа/, Хэрлэн / адаг хэсгээрээ/, Эг, Онон, Балж, Улз, Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 10-50 см даван үерлэсэн хэвээр байна.
Хурх, Улз, Хэрлэн/Багануур / голууд үерийн аюултай түвшинг 10-90 см даван хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу долоодугаар сарын 27-нд Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум, Сүхбаатар хот орчимд усны түвшин 10-45 см, Туул гол Улаанбаатар хот, Алтанбулаг сум орчимд 10-20 см нэмэгдэх хандлагатай байна.
Ойрын өдрүүдэд Хэнтий, Дорнодын нутгаар их бороо орох төлөвтэй байгаа тул гол ус цатгалан, хальсан, үертэй буй энэ нөхцөл дээр дахин хур бороо орсноор нөхцөл байдал улам хүндрэх магадлал өндөр байна. Иймд ард иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагуудыг Ус, цаг уурын байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлэгийг байнга, онцгой анхаарахыг ЦУОШГ-аас сануулж байна.