ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Гансүх: Намайг хорих өрөөндөө хүн амины хэрэгтэнг цуг байлгаж айлгах гэж үзэж байлаа

O.Admin
2024-11-20

"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт"-ийн талаарх хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус хяналтын сонсголд С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдон хоригдож байсан Т.Чимгээ, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр хоригдож байсан Л.Гансүх нарын хүмүүс оролцож байна.

Тухайлбал, Л.Гансүх сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Хонгилын түлхүүрийг хэн нэгэн аваагүй байхдаа маш сайн хашгирдаг. Дараа нь таг чиг болчихдог. Бүх шатанд эрүүдэн шүүлт бий. Биднийг бүгдийг нь дуудаад л энэ өрөөнд дахин, дахин хуралдаж байдаг ч түлхүүрээ авсан бол дуугүй болдог шүү дээ. Дарга нараас эрүүдэн шүүлт эхэлдэг.

Өөрсдийн хүмүүсээ шат шатанд тавиад л наадхаа шоронд хий гэж үүрэгддэг. Дээрээс нь цэгцлэхгүй бол явахгүй ээ. Өөрчлөлт хийх болов уу гэж шударга тав гэж өөрсдийгөө нэрлэсэн залуу улстөрчдөөс харж байсан ч тийм зүйл болоогүй. Тэдний үйлдэл бол зөв байсан ч өөрсдөө албан тушаалд очоод таг болчихсон. Хурал цуглаанаа одоо больё. Нэг хэсэг хүний хэрэгсэл болж, хэн нэгэнд хэрэгтэй учраас хуралдаад байгаа юм. Ц.Элбэгдорж, Б.Хурц нар хуулийн байгууллагыг ашиглаад төрийн эргэлт хийсэн шүү дээ.

Цагдаа, прокурор шүүхээ бүгдийг нь хянаад л тэгээд л хонгилоо угсарсан. Н.Энхбаяр, Л.Гансүх, С.Зоригийн хэрэг дээр ганцхан н.Батжаргал гэж хүн л явж байсан. Хуулийнхан дунд шударга хүн олон бий. Бас гар хөл болох хүмүүс ч олддог учраас хонгилоор чирдэг. Б.Хурц, н.Батжаргал нар өнөөдөр бусдыг эрүүдэн шүүж, бизнесмэнүүдийг дээрэмдсэн атлаа тэд зүгээр явж байна гэхээр өөрчлөлт, шинэчлэл яваагүй байна гэсэн үг. Би Баганууртай ямар ч хамаагүй байхад намайг хамаатуулан шүүсэн. Би ТУЗ-д байхгүй, дарга цэрэг ч биш.

Гэтэл наадахдаа хэрэг үйлд гэж дарамтлаад л хонгилоор чирсэн. Сэтгэл санаа маш их хохирсон. Намайг шууд гудамжнаас барьж хорьсон. УИХ-ын олон гишүүд хамгаалах гэж оролдсон ч гишүүдийг түлхээд л ачаад явж байсан. Ямар ч шүүхийн дүгнэлтгүйгээр байцааж эхэлсэн. Паарнаас гавалж байгаад байцааж байгаа атлаа өмгөөлөгчид байхгүй гэж хэлсэн байгаа юм. Шууд хоёр сар хорих тогтоол танилцуулаад, намайг хорих гэж бэлдсэн өрөөндөө хүн амины ялтай хүмүүсийг цуг оруулж айлгах гэж үзэж байлаа” хэмээн байр сууриа илэрхийлэв.