Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай цэцэрлэгт хүмүүжиж байсан ой хоёр сартай хүүхэд өнгөрөгч аравдугаар сарын 28-ны өдөр хахаж нас барсан гэх харамсалтай хэргийн мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ.
Тэгвэл хэрэг явдлаас хойш 24 хоногийн дараа Шүүх шинжилгээний эмчийн дүгнэлт гарч талийгаач хүүг "Архаг хатгаатай байсны улмаас зүрх нь хаагдаж нас барсан" гэх дүгнэлт гарчээ. Тэгвэл хүүгийн ар гэрийнхэн энэхүү дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж, өнөөдөр Шүүх шинжилгээний ерөнхий газрын гадна сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Талийгаач хүүгийн ээж Ц.Нандинболор хэлэхдээ "Тэр өдөр амжуулах ажилтай байсан учраас хүүгээ эрт сэрээгээд цэцэрлэгт нь хүргэж өгсөн. Гэтэл өдөр нь эмнэлгээс яриад хүүгийн минь талаар хэлэхэд маш аймшигтай байсан:. Би хүүгээ хордлогод орчихож л гэж бодож очсон.
Ямар ч эх хүн хүүгээ тийм болчихсон гэж бодохгүй. Нас барснаас хойш 25 хоногийн хугацаанд арайхийж шүүх шинжилгээний дүгнэлт гарахдаа миний хүүг элэг бөөрний үрэвсэлтэй, зүрх судасны асуудалтай гэж гарсан. Миний хүүд ямар хууч өвчин байгаагүй. Хатгаа нь хүндрээд элэг бөөрөө өвчлүүлээд, зүрхэнд нь нөлөөлсний улмаас зүрхийг хаачихаж гэсэн дүгнэлт гарсан.
Миний хүү эв эрүүл, сав саруул хүүхэд байсан. Бага зэргийн ханиадтай байсан ч бид эдгээгээд цэцэрлэгт өгсөн. Гэтэл хүүг минь анхаараагүй цэцэрлэгийн багш нар ямар ч хариуцлага хүлээсэнгүй. Тэр цэцэрлэг дөрвөн жил зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан юм билээ. Хяналтын камер ч байгаагүй. 11-хэн хүүхэд тэр өдөр цэцэрлэг дээр байсан. Яагаад тийм хэдхэн хүүхдийг харж хандаж чадаагүй юм бэ. Эв эрүүл багшдаа тэврүүлээд орсон миний хүү үхчихлээ. Үүнд гадны нөлөө байгаа” хэмээн мэдэгдэл хийлээ.