Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжинтэй ярилцлаа.
-Ам.долларын ханш сүүлийн хэд хоногт нэмэгдэж, 2550 төгрөгт хүрчихлээ. Монголбанк ам.долларын ханш өсөж байхад дорвитой арга хэмжээ авахгүй байна гэсэн шүүмжлэл ч гарч эхэлсэн. Тэгвэл ам.долларын ханш өсөөд байгаа шалтгаан нь чухам юу байна вэ?
-Өнөөдрийн байдлаар /өнгөрсөн даваа гараг/ Монголбанкны зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2552 төгрөг 13 мөнгө байна. Энэ нь оны эхнээс аваад үзвэл төгрөгийн ханш 5.1 хувиар суларсан үзүүлэлт. Төгрөг ам.долларын эсрэг суларч байгаа нь хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай. Нэгдүгээрт нь, манай улсын эдийн засаг сэргэж, хурдтай өсөж байна. Оны эхний хагасын байдлаар 6.3 хувиар өссөн. Энэ өсөлт манай улсын импортын хэрэгцээг нэмэгдүүлж байгаа юм. Монгол Улс хэрэглээний барааныхаа ихэнх хувийг гадаадаас импортолж авдаг. Нэгэнт эдийн засаг өсөөд, хүн амын орлого харьцангуй сайжраад ирэхээр дагаад хэрэглээ нь нэмэгддэг.
Хэрэглээ нь нэмэгдээд ирэхээр импортын хэмжээ өсөх нь тодорхой. Наймдугаар сарын байдлаар аваад үзвэл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад, импорт 38 хувиар өссөн. Импорт 38 хувиар өсч байна гэдэг тэр хэмжээгээр гадаад валютын эрэлтийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Хоёрдугаарт, энэ оны эхний хагаст гадаад зээлийн төлбөрүүдийг хийсэн. Үүнтэй холбоотойгоор гадаад валютын хэрэгцээ ч гэсэн нэмэгдсэн. Гуравдугаарт, төгрөг ам.долларын эсрэг 5.1 хувиар сулрахад гадаад орчны нөлөөлөл бий. Том улс орнуудын хооронд өрнөж буй худалдааны зөрчилдөөнөөс шалтгаалаад манай экспортын түүхий эдийн үнэ буурах хандлага ажиглагдаж байна. Зэсийн үнэ оны эхнээс хойш 15 хувиар суларсан. Алтных мөн адил 10 гаруй хувиар суларлаа. Энэ нь манай экспортод сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа. Мөн АНУ-ын эдийн засаг сайжирч, Холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүгээ өсгөж байгаа нь нөлөөлж байна. Америкт эдийн засаг сайжраад, ам.долларын суурь хүү нь өсөөд эхлэхээр хөгжиж буй орнуудаас хөгжингүй орнууд руу хөрөнгө гадагшлах хандлага ажиглагдаж байгаа. Монгол Улс өөрөө урсгал данс нь алдагдалтай байдаг. 2016 онд эдийн засаг өссөнөөс шалтгаалж урсгал данс багахан хэмжээний ашигтай гарснаас бусдаар сүүлийн 10 жил байнга алдагдалтай явж ирсэн. Урсгал дансны алдагдлаа Монгол Улс гадны шууд хөрөнгө оруулалт юм уу гадаадын зээл, тусламжаар л нөхөж ирсэн.
Гэтэл Америк болоод хөгжингүй орнууд руу чиглэсэн валютын урсгал нэмэгдээд байдаг. Эсрэгээрээ бидэнд урсгал дансны алдагдлаа нөхөх хэрэгцээ байгаа. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр Монгол Улсад гаднаас валют олж ирэхэд хүндрэлтэй болно. Энэ хэрээрээ валютын ханшид нөлөө үзүүлж байна. Гэхдээ Монголбанк валютын ханшид оролцохгүй байна гэдэг шүүмжлэлтэй санал нийлэхгүй. 2018 оны зургадугаар сараас валютын захад тогтмол ам.доллар нийлүүлж ирсэн. Энэ оны зургадугаар сараас хойш Монголбанк 500 орчим сая ам.долларыг валютын захад нийлүүлчихээд байгаа. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Монголбанк 60 сая ам.долларыг валютын захад нийлүүлсэн. Бид эдийн засаг энэ ондоо 6.4 хувийн өсөлттэй байна гэж тооцож байгаа. Дараа онд ч гэсэн энэ хэмжээний өсөлттэй байх болов уу. Хэдийгээр гол түүхий эд болох алт, зэсний үнэ буурч байгаа ч нүүрснийх харьцангуй өндөр байна. Хятад улсаас нүүрс авах эрэлт их байгаа. Зарим түүхий эдийн үнэ буурч байгаа ч нөгөөгийнх нь үнэ өндөр учраас гадаад худалдааны нөхцөл харьцангуй таатай байгаа гэж ойлгож болно. Экспортлох экспортын хэмжээ энэ төвшиндөө хадгалагдаад байвал ханш богино хугацаандаа хөдөлгөөнтэй байгаа ч гэсэн дунд, урт хугацаандаа тогтвортой байх болов уу.
-Иргэд ам.долларын ханш буурах боломжтой эсэхийг мэдэхийг хүсээд байна. Болдог бол 2000 төгрөгтэй тэнцэх ч юм уу. Тийм боломж байгаа юу?
-Төв банкны зүгээс ханшийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авах ганц боломж нь гадаад валютын нөөцөө л худалдах шүү дээ. 2012-2016 оны хооронд Монголбанк юу хийсэн бэ гэдгийг сануулах нь зүйтэй байх. 2012, 2013 онд 4.5 тэрбум ам.долларын хэмжээтэй байсан гадаад валютын нөөцийг интервенц хийж зарсан. Үүнийх нь улмаас нэг жилийн дотор Монголбанк валютын нөөцгүй болохдоо тулсан. Сүүлдээ бид нөөцөө зээлээр бүрдүүлж, зарим гадны улс, төв банкуудад Монголбанк их хэмжээний өртэй болсон. Энэ нь нэг талаараа Монгол Улсын эдийн засгийг эмзэг, бусдаас хараат болгосон. Тэгэхээр өнөөдөр Монголбанк валютын нөөцөө зараад, ханшийг тогтворжуулахаар оролдож болох. Гэвч урт хугацааны тогтвортой байдлаа бодвол нөөцөө хадгалаад, илүү нэмэгдүүлэх нь чухал юм. Гэхдээ энэ нь Монголбанк валютын ханшид огт оролцохгүй гэсэн үг биш. Би түрүүнд хэлсэн, Монголбанк өнгөрсөн зургадугаар сараас хойш тогтмол валют нийлүүлсэн. Цаашид ч гэсэн огцом хэлбэлзэл үүсгэхгүйн тулд Монголбанк валютын захад валют нийлүүлээд л явна.
-Арилжааны банкуудаас тодорхой тоо тавиад, хүсэлт өгдөг. Гэтэл Монголбанк хүсэлтийнх нь хэмжээнд хүрч ам.доллар зарахгүй байгаа учраас валют өсөөд байна гэсэн мэдээлэл ч гарсан. Арилжааны банкуудын хүссэн хэмжээгээр өгөх боломжгүй юм уу?
-Валютын захаас богино хугацаанд ашиг олох зорилго бүхий үйл ажиллагааг зохион байгуулдаг тохиолдол бий. Гэхдээ богино хугацааны ашгийн төлөө ханшийг хөдөлгөх нь санхүүгийн зах зээлд оролцогчдод, бүр том зургаар нь харвал эдийн засагтаа сөрөг нөлөөтэй. Илүү богино хугацааны ашиг харснаас урт хугацаандаа эерэг үр дүн гаргасан нь дээр. Эдийн засгийн суурь нөхцөлтэйгээ нийцтэйгээр ханш нь хөдөлж байна уу гэдгээ хараад, шийдвэрээ гаргаад явсан нь зөв байх. Монголбанкны зүгээс өөрийнхөө зохистой гэж үзсэн хэмжээндээ валютын захад оролцоод, ам.доллар нийлүүлээд явж байна.
-Монголбанкны зохистой гэж үзэж, нийлүүлж байгаа ам.долларын хэмжээ бага байгаа учраас валютын ханш өслөө гэж үзэх хүмүүс байгаа шүү дээ?
-Монгол Улсын хувьд урсгал данс нь алдагдалтай байдаг учраас ханш байнга сулрах дарамттай байдаг. Түүнээс биш ханш чангарах дарамт гэж огт байдаггүй. Бидний гаргасан тооцоогоор ханш 5.1 хувиар суларсан нь манайхтай ижил төстэй эдийн засагтай зарим орныхтой харьцуулахад огцом савлагаа биш. Өмнөд хөршийн тухайд гэхэд ам.долларын эсрэг юанийн ханш 10 орчим хувиар суларчихаад байна. ОХУ-ын рублийн ханш 15 гаруй хувиар суларлаа. Манайхтай ойролцоо эдийн засагтай Чили улсын хувьд үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш бас л 10 гаруй хувиар суларсан үзүүлэлт гарсан. Манай улс угаасаа л эдийн засгийн суурь бүтэц нь эмзэг, төрөлжөөгүй, цөөн тооны түүхий эдээс хамааралтай байтал ханш оны эхнээс 5.1 хувиар суларсан нь огцом савлагаа биш.
-Төсөөллөөр төлбөрийн тэнцэл ашигтай гарна гэсэн мэдээлэл танайхаас өгсөн. Хэрвээ төсөөллийн дагуу ашигтай гарвал ам.долларын ханш бага ч болов буурах уу?
-Бидний төсөөллөөр энэ онд төлбөрийн тэнцэл тодорхой хэмжээнд ашигтай гарна гэсэн тооцоотой байгаа. Гэхдээ энэ чинь их олон зүйлээс хамааралтай. Зөвхөн төсөөлөл шүү дээ. Түүхий эдийн үнэ дахиад буурвал өөрчлөгдөнө. АНУ болон БНХАУ-ын хооронд худалдааны зөрчилдөөн даамжирвал манай тооцоолол өөр болно. Мөн хүлээж байгаа зээл, тусламжийн хугацаа өөрчлөгдвөл манай төсөөлөл бас л өөр болох юм. Есдүгээр сард манай улс их хэмжээний гадаад өр төлбөрийг төлсөн. Харин аравдугаар сард есдүгээр сараас хамаагүй бага хэмжээний гадаад өр төлбөр төлнө. Тийм болохоор он дуустал ханш харьцангуй тогтвортой байх болов уу.
-Ерөнхий сайд сая АНУ-д айлчлахдаа 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар болсон. Энэ мөнгө орж ирэхэд валютын ханшид эерэг нөлөө үзүүлэх боломжтой биз дээ?
-Мянганы сорилтын сангаас өгч буй 350 сая ам.долларын тусламж Монгол Улсад орж ирээд, тодорхой хэмжээнд худалдан авалт хийж л таараа. Тэгэхээр валютын эх үүсвэр орж ирээд, манай улсын худалдан авалтад эерэгээр нөлөөлөх нь тодорхой. Мөн ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрийн тав дахь шатны үнэлгээ ерөнхийдөө дууссан. Ойрын хугацаанд захирлуудын зөвлөлийн хурлаар тав дахь шатны үнэлгээг хэлэлцэнэ гэсэн. Валютын сангийн Захирлуудын зөвлөл тав дахь шатны үнэлгээг батална гэдэгт бид бүрэн итгэлтэй байна. Үнэлгээ батлагдсан тохиолдолд Монгол Улсад хөтөлбөрийн хүрээнд тохирсон дараа дараагийн санхүүжилтүүд орж ирнэ. Тэгэхээр валютын ханшид эерэгээр нөлөөлнө.
-АН-ын бүлэг хуралдсаныхаа дараа мэдээлэл хийж, Монголбанкийг шүүмжиллээ. Монголбанкинд ам.долларын ханшийг өсгөхгүй барих боломж хангалттай байгаа. Гэвч ажлаа хийхгүй байна гэдэг мэдэгдэл хийлээ?
-Бүх зүйл хоёр талтай. Ам.долларын ханш өсөхөөр ард иргэдийн нуруунд ачаа болж очно. Тэрийг бид мэдэж байгаа. Төгрөгийн ханшийг чангаруулъя гээд ам.долларын нөөцөөс гаргаад, зах зээлд нийлүүлж болно. Тэр хэмжээгээр манай гадаад валютын нөөц буурна. Гадаад валютын нөөц гэдэг манай улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа. Гадаад валютын нөөц хангалттай хэмжээнд байж гэнэтийн өөрчлөлтүүд, гадны орчны нөлөө, сөрөг зүйл тохиолдсон үед ашиглаж, хохирол багатай давах хөрөнгө. Ойрын хугацаанд эдийн засгийн хувьд харьцангуй эерэг. Хүлээгдэж байгаа том төлбөр бага байна. Харин 2020 оноос эхлээд Засгийн газар гадаад төлбөрүүдээ хийж эхэлнэ. 2020 ХХБ-ны гаргасан 500 сая ам.долларын бондын төлбөрийг хийнэ. 2021 оноос Засгийн газрын үнэт цаасны төлбөрүүдийг хийх учиртай. Бид зөвхөн өнөө маргаашийнхаа асуудлыг биш урт хугацаандаа тохирсон шийдвэрүүд гаргах нь зүйтэй болов уу гэж бодож байна.
-Валютын ханшийг хэдхэн ченж удирдаж, хүссэн үедээ нэмдэг гэсэн явган яриа бий. Иргэдийн цөөнгүй хувь нь ч ингэж ойлгоод байх шиг байна. Тийм боломж байхгүй биз дээ?
-Санхүүгийн зах зээл хангалттай хөгжөөгүй байгаагийн л нэг илрэл. Хэдийгээр тийм яриа байдаг боловч статистик үзүүлэлт харвал банкнаас бусад санхүүгийн байгууллагуудаар хийж буй валютын гүйлгээ нийт гүйлгээний тав хүрэхгүй хувийг эзэлж байгаа. Ихэнх валютын гүйлгээ банкуудаар дамждаг.