ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1xBet -ийн агентууд гэх 100 гаруй этгээдүүдийг шалгаж эхэлжээ

O.Admin
5 цагийн өмнө

Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн хэлтсээс мэдээлэл хийж байна. Тодруулбал, ЭЦА-аас 1xBet -ийн агентууд гэх 100 гаруй этгээдүүдийг шалгаж эхэлжээ. Хууль бус бооцоот тааврын энэхүү тоглоомноос болж олон хүн эд хөрөнгөөрөө хохироод байгаа төдийгүй спортын олны танил тамирчин хүртэл мөрийтэй тоглоомын их хэмжээний өрнөөс болж амиа хорлосон тохиолдол саяхан бүртгэгдсэн.

Энэ тухай асуудлыг өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн О.Номинчимэг “1xBet гэж Кипр улсад бүртгэлтэй, хууль бус үйл ажиллагаа явуулдаг, садар самууныг дэмждэг гэж Англид үйл ажиллагаа явуулахыг хориглосон компани. Нидерландад дампуурлаа зарласан энэ компани Монголоос хамгийн их ашиг олдог.

Ийм жижиг эдийн засагтай улсад орж ирээд жилдээ хэдэн тэрбумын ашиг олоод өөрсдөө гайхсан гэсэн. Энэ ямар ч зохицуулалтгүй явж байгаа. Цахим тоглоомоор энэ компани Монголын залуучуудын ирээдүйг баллаж байна. Тэгэхээр СЗХ, ХЗДХЯ-тай хамтарч маш хурдан хуулийн төсөл оруулж ирэхийг хүсэж байна” хэмээн мэдэгдэж байв.

Эрүүгийн цагдаагийн албаны хэвлэлийн албаны эх сурвалж хэлэхдээ “Хууль бус мөрийтэй тоглоомыг Монгол Улсад явуулсантай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна. Зөвшөөрлийн тухай хуульд энэ төрлийн үйл ажиллагаа явуулах бол зөвшөөрөл авах ёстой гэдэг ч зөвшөөрөл аваагүй. Уг бооцоо тааврын сайтад иргэд тоглож бооцоо хийхэд таталт хийдэг, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг агентууд гэх 100 гаруй иргэдийг илрүүлээд, шалгалтын ажиллагааг хийж байна.

Иргэд данснаас мөнгө хийхэд таталт хийж, тодорхой хувь авч буй учраас мөнгө угаах болон татвараас зайлсхийсэн хэргээр шалгаж байгаа юм. Мөн тус компани хууль бусаар зар сурталчилгаа явуулж буйг мөн шалгаж эхлээд байна. Эхлээд жаахан ашиг өгчихөөд эргээд тэндээсээ ихийг авдаг учраас иргэд энэ асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй байна. Зөвхөн агентууд гэдэг 100 гаруй иргэнийг одоогоор шалгаж байна. Хохирсон иргэдийн тоог тогтоож амжаагүй байна” гэсэн мэдээлэл өгчээ.