ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Мягмарнаран: Иргэн өөрийн хувийн мэдээлэлд хариуцлагатай хандаж байхыг зөвлөе

O.Admin
4 цагийн өмнө

E-Mongolia систем хэрхэн ажилладаг тухай “И-Монгол академи УТҮГ” -ын захирал Б.Мягмарнарантай ярилцлаа

-Та “И-Монгол академи УТҮГ” -ынхаа талаар танилцуулаач ямар чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг вэ?

-“И-Монгол академи” нь төрийн цахим шилжилтийг дэмжиж, төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах талаар судалгаа хийх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт зохион байгуулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүний хүрээнд бид төрийн үйл ажиллагаанд дэвшилтэд шинэ технологийг нэвтрүүлэхээс гадна төрийн үндсэн болон дэмжих 29 төрлийн системийг хариуцаж ажилладаг.

-Хүмүүсийн маш сайн мэддэг E-Mongolia системийн талаар яриагаа үргэлжлүүлье энэхүү систем хэрхэн ажилладаг вэ?

-E-Mongolia системд төрийн бүх мэдээлэл нэг дор төвлөрсөн мэт эсвэл иргэний бүх мэдээллийг өөртөө агуулсан систем гэсэн буруу ойлголт иргэдийн дунд их байдаг. Харин E-Mongolia бол төрийн мэдээлэлд хандах нэг цонх гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл тухайн иргэн өөрийгөө танилт нэвтрэлтийн дан системээр таньж баталгаажуулсны дараа, төрийн мэдээлэл солилцооны системийн тусламжтай иргэний хүсэлтийн дагуу мэдээлэл хариуцагч байгууллагуудаас мэдээллийг нэг цонхоор дамжуулж буй хэрэг юм.

-Иргэдийн мэдээлэл алдаатай гарч ирдэг? Энэ нь E-Mongolia -тай холбоогүй гэсэн үг үү

-Манай систем нь иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн санг татаж үзүүлэхдээ өөрийнх нь хүсэлтээр мэдээлэл хариуцагч байгууллагаас татаж харуулдаг. Жишээ нь: Улсын бүртгэлийн газарт таны бүртгэлийн мэдээлэл яаж хадгалагдаж байна түүгээр нь л дамжуулан харуулж байгаа.

Иргэн, хуулийн этгээд нь өөрөө өөрийнхөө мэдээллийг үнэн зөв байлгах, түүндээ хяналттай байх үүрэгтэй, өөрчлөлт орсон бол холбогдох байгууллагад хандаж шинэчлүүлэх шаардлагатай. Шинэчлэлт хийлгээгүйн улмаас алдаатай мэдээлэл мэтээр харагддаг. Энэ нь манай систем дээр байгаа алдаа биш харин таны мэдээлэлийг хариуцагч байгууллага дээр алдаатай байна гэсэн үг юм. Ийм учраас иргэн өөрийн хувийн мэдээлэлд хариуцлагатай хандаж, таны мэдээлэл алдаатай, зөрүүтэй байвал мэдээлэл хариуцагч байгууллагад мэдэгдэж засуулж байхыг зөвлөж байна.

-Мэдээлэл хариуцагч байгууллага гэж ямар байгууллагуудыг хэлдэг вэ?

-Мэдээлэл хариуцагч байгууллага гэдэг нь иргэн хуулийн этгээдийн мэдээллийг агуулж буй төрийн байгууллага,  төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд, хууль, эсхүл гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээдүүд байна. Жишээ нь: Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар гэх мэт 30 гаруй байгууллага байдаг.

-Иргэдээс ирж байгаа гомдол саналыг хэрхэн шийдвэрлэдэг талаар?

-Бидэнд 11-11 тусгай дугаарын 2 дугаар шугамаар 1538 дуудлага, албан ёсны нийгмийн сүлжээнүүдээр 106,000 үйлчилгээтэй холбоотой гомдол, саналууд ирсэн. Тухайн асуудлуудыг бид системийн алдаа эсвэл мэдээлэл хариуцагч байгууллага дээр гарсан алдаа эсэхийг тодорхойлсны дараа заавар, зөвлөгөө өгч тухайн цаг үед шийдвэрлэхээс гадна шаардлагатай тохиолдолд иргэний хүсэлтийн дагуу 2 дах шатны байгууллагад хандаж шийдвэрлүүлж тухайн иргэндээ эргэж мэдэгдэж ажилладаг.

-Иргэдийн мэдээллийн аюулгүй байдал болон системийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

-Дээр дурдсанчлан бид иргэдийн мэдээллийг хадгалдаггүй учраас алдах боломжгүй бидэнд үйлчилгээ авах хүсэлтийн мэдээлэл л бий. Манайх мэдээллийн аюулгүй байдлаа хангахын тулд олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид МАБМТ ISO/IEC 27001:2022 стандартыг ISO/IEC 9001:2015-ийн хамт хангах төслийн сүүлийн шатанд ороод явж байна. Эдгээр стандарт нь манай мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, үнэн зөв, бэлэн байдалд ихээхэн нэмэртэй гэдэгт эргэлзэхгүй байна.  

Орчин үед мэдээллийн аюулгүй байдлын халдлага, зөрчлийн 90 гаруй  хувь нь хүний хүчин зүйлээс болж байгаа судалгаа байдаг тул ажилтан албан хаагчдын МАБ-ын мэдлэг чадварыг сайжруулах нь бидний гол зорилтуудын нэг байдаг. Энэ хүрээнд бид МАБ-ын дотоод сургалт болон сурталчилгааны компанит ажлыг тогтмол хийдэг.  МАБ-ын олон улсын түвшин, дэлхийн чиг хандлагаас хоцрохгүйн тулд манай хамт олон өөрсдөөс хамаcарах бүхнийг хийн чармайн ажиллаж байна.