ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гурван хүн тутмын нэг нь тамхи татаж байна

O.Admin
14 цагийн өмнө

Өнөөдөр /2025.01.27/ “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зөвлөгөөн болж буй бөгөөд тодорхой сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Сэргийлж болох өвчлөлд том нөлөөлөл үзүүлдэг тамхинаас шалтгаалсан өвчлөл нэмэгдэж жилдээ 4,300 орчим хүн эндэж, нийт нас баралтын 17 хувийг эзэлж байна.

Тамхины хяналтын тухай хууль батлагдаж, тамхины эсрэг эрүүл мэндийн боловсрол олгох олон олон арга хэмжээнүүд явуулдаг хэдий ч 2005 оноос хойш хийгдсэн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн СТЕПС судалгааны дөрвөн удаагийн үр дүн, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдсэн “Өсвөр үе, залуу иргэдийн тамхины хэрэглээ, төрлүүд, никотин хамааралт байдал, нөлөөлж буй сэтгэц, нийгмийн зарим үзэгдлүүд” судалгаанаас харахад хүн амын дунд тамхи таталт гурван хүн тутмын 1 болж нэмэгдсэн, өдөрт татдаг тамхины тоо ширхэг буураагүй нь бидний хийж хэрэгжүүлж буй интервенцүүд зорьсон үр дүнд хүрэхгүй байгааг танилцуулав.